Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2018.05.08) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Нэр дэвшүүлэх тухай” саналыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хурлын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар: “Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлөх, огцруулахтай холбоотой зохицуулалтыг тусгасан байдаг. Эдгээр албан тушаалтнууд нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхээр тогтоогдсон бол албан тушаалаас огцруулсанд тооцох зохицуулалттай. Харин Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараах гурван тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр хуульд тусгасан байгаа. Өөрөө хүсэлт гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон эсвэл бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд. Одоогоор Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар өөрсдөө хүсэлт гаргаагүй байна. Эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжтой байгаа гэж ойлгож байна. Түүнчлэн эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм. Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор дээрх албан тушаалтнуудыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” заасныг үндэслэн шийдвэрээ гаргасныг холбогдох баримтаас харж болно. Зарим тайлбарт дурдагдаад байгаа шиг дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалт буюу нөхөн томилогдсон албан тушаалтны бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ гэдэг заалтыг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатайгаар томилсон Улсын Их Хурлын шийдвэр тухайн үедээ гарсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…” хэмээн заасан байдаг. Дээрх албан тушаалтнуудын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх хууль зүйн боломжгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал нь Авилгын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “…Хуульд зааснаас бусад үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно…” гэж заасантай зөрчилдөж байгаа. Үүнээс улбаалан Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг санал Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 70.1-т “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино…” гэснийг зөрчсөн байж болзошгүй. Ийм нөхцөлд Хууль зүйн байнгын хороо уг саналыг хэлэлцэх, тодорхой санал, дүгнэлт гаргавал Улсын Их Хурал өөрөө Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй холбогдох хуулиудыг зөрчих тул өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээн саналаа хэлэв. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгэнт Ерөнхийлөгч Х.Баттулгын санал хууль зөрчсөн, агуулгын зөрчилтэй тул хэлэлцэхгүй байх горимын санал гаргасан юм. Улмаар Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайханы гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон 15 гишүүний 80 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн “Нэр дэвшүүлэх тухай” саналыг хэлэлцэхээс татгалзав. Үүний дараа Монгол Улсын ЕТГ Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад уг үйл шийдвэрийг :"АТГ-ын  удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж  Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн шийдсэн байна." хэмээн дүгнээд, "УЛСЫН ИХ ХУРАЛД АЖЛАА ШУУД ХАРИУЦАН ТАЙЛАГНАДАГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ:

45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно." гэсэн тайлбарыг хийсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын багагүй хугацаанд ярьж, тэр бүү хэл албан ёсны сайтаараа санал асуулга явуулсны эцэст УИХ-д оруулсан АТГ-ын дарга, дэд даргыг шинээр сонгох санал "гацаж орхилоо". УИХ-ын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгыг, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын зүгээс УИХ-ын Хууль Зүйн байнгын хороог "хууль зөрчсөн" гэж үзэж буй бөгөөд хэн нь хуулийг өөрийнхөөрөө мушгин тайлбарлаж буй эсэх тухай яриа нийгэмд тодорхой талцлыг үүсгээд буй билээ.Ерөнхийлөгч, УИХ хоёрын чухам хэн нь хуулийг худал тайлбарлаад байна вэ?

 

М.Чойжал

sonin.mn