Улсын Ерөнхий прокурорын газрын орлогч Г.Эрдэнэбат “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, С.Зориг агсны хэргийн талаарх зарим мэдээллийг өгсөнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖТОЙ ярилцлаа.

-Улсын Ерөнхий прокурорын орлогч телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо С.Зориг агсанд холбогдох хэргийн захиалагчийг тогтоох үйл явцад УИХ-ын нэр бүхий гишүүд санаатайгаар нөлөөлөхийг оролдож байж болзошгүй гэж ярьсан. Түүнчэн энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороо хаалттайгаар санал солилцсон. Та энэ тухайд байр сууриа илэрхийлнэ үү?

-Тэр нэвтрүүлгийг үзээд би их харамссан. Нэгдүгээрт, дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж, 10 жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ, би. Хоёрдугаарт, прокурорын тухай хоёр хуулийг санаачлан батлуулсан хүн нь мөн л би. Гэтэл мэргэжлийн прокурор хэргийн талаар ярилцлага өгөөд сууж байгаад үнэхээр харамссан. Зорилго нь шүүхээр ялласан хүмүүсээ баримттайгаар шийтгэсэн гэж нотлох гээд байх шиг байсан. Хавтасны тоо яриад, эсвэл гаднын жишиг дурдаад л. Мэргэжлийн хүний нүдээр харахад ганц ч баримт байхгүй. Жишээлбэл, хүний аминд хүрсэн хэрэгт Б.Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм бэ, Б.Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ. Т.Чимгээ нотолгоо гаргаж ирсэн бичлэг ч ямар хамаатай юм. Энэ мэт өнцгөөс нь харахад их л ядруу, ядуу ярилцлага байна лээ. Ерөнхийдөө миний ойлгосноор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар ярьж болохгүй, яривал хохино шүү гэх сануулга өгөөд байх шиг харагдсан. Энэ бүхэнд ялгаа зааг бий.

-Тухайлбал?

-Нэгдүгээрт, гурван хүнийг шүүхээр шийтгэсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх УИХ-ын гишүүдээс авахуулаад хэнд ч бий. Нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан байхад нөлөөлөх боломжгүй.

Хоёрдугаарт, энэ асуудлын талаар Давж заалдах шатны шүүх хурлаас хойш буюу телевизээр прокурорууд ярьсны дараа би ярьж эхэлсэн юм шүү. Шүүхийн шийдвэр гараад, хүмүүст ял оноочихсон учраас ярьж болдог үе нь юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болчихсон үед хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад саад болно гэж юу байдаг юм, хууль зүйн хувьд. Энэ хэргийн талаар унших битгий хэл холоос харсан УИХ-ын нэг ч гишүүн байхгүй. Тагнуулын газарт аваачаад нуучихсан юмыг хэн, яаж уншдаг юм. Шүүгч, прокурор, мөрдөгчтэй ч уулзсан хүн байхгүй. Тэгэхээр УИХ-ын нэр бүхий гишүүд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад саад болсон гэдэг нь дэмий яриа.

-Тэгэхээр УИХ-ын нэр бүхий гишүүдэд хэрэг үүсгэсэн гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Хэрэг үүсгэсэн л гэж яриад байна лээ. Ямар хэрэг, хэнд үүсгэснийг мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад, 2017 оны долоодугаар сарын 7-нд гэв үү, Т.Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсаны дараа мэдүүлэг өгөхөө больсон гэж ярьсан. Тиймээс ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуулиар эцэг эх нь хүүхдийнхээ, үр хүүхэд нь эцэг эхийнхээ үйлдсэн хэргийн төлөө ял хүлээдэггүй юм. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан гэрийнхэнд нь хэрэг үүсгэж, мөрддөг болж байгаа юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэдхэн алтан зарчим бий. Нэгдүгээрт, гэм буруугүй нэг ч хүнд ял өгч болохгүй. Хоёрдугаарт, мэтгэлцэх, гуравдугаарт, гэм буруугийн тухайд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчимтай. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байгаа юм. Прокурорууд нь гарч ирээд ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гээд байгаа юм шүү дээ. Мэтгэлцэх зарчим нь нэг талд прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа бариад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэргийн тухайд өмгөөлөгч огт байхгүй. Мөрдөгч, прокурорууд буюу төр ил, далд бүх механизмаар шийтгүүлсэн хүмүүсийн хойноос хөөцөлдөж байна. Мэтгэлцэх зарчим байхгүй болчихож байгаа учраас хуулийн систем нурлаа гэж би хэлээд байгаа юм. Хаалттай хуралдаан болсон учраас нарийн зүйл ярихгүй. Хамгийн гол нь өмгөөлөгчдийг сонсъё гэж байгаа юм. Энэ хэргийг Засгийн газарт оруулж нууцаас гаргасны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ирүүлсэн төдийгүй өөрсдөө ч ирж уулзсан. Тэд хэлэхдээ “Бид тун сонин шүүх хуралд суусан, асар их дарамттай байсан. Шүүх хуралд сууж байхад ард талд битүү хар масктай, буу барьсан тусгай албаныхан зогсч байсан. Нойл ороход хүртэл дагасан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхэд хурааж авсан” гэж хэлсэн. Эдгээр тэмдэглэл одоо ч тагнуулын газарт бий. Прокурорууд нь бүх зүйлээ дэлгээд суучихсан байхад өмгөөлөгчид нь буутай, тусгайгийнхнаар мануулсан байдалтайгаар шүүх хурлыг явуулснаар мэтгэлцэх зарчим алдагдсан. Хэргийн нарийн ширийнийг биш өмгөөлөгчдөө сонс гээд байгаа нь ийм л учиртай. Түүнээс УИХ-ын гишүүдэд эрүү үүсгэсэн асуудал байхгүй.

-Улсын ерөнхий прокурорын орлогч хүн телевизийн нэвтрүүлгээр хэргийн талаар ярьж байгаа нь хэр зохимжтой юм бэ?

-Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах гэсэн л сүрдүүлэг. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Прокурорын толгой хуулийн лаборатори байх ёстой. Хэргийн өнгө таньдаг, асар өндөр зэрэглэлтэй байх учиртай юм. Мэдээллээс гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгиж байвал зогсоодог албан тушаал юм шүү дээ. Бөхөөр яривал дархан аварга гэсэн үг. Тийм хүний доор ажиллаж, орлогчийг нь хийж байгаа атлаа ийм зүйл яриад сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг прокурор толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Г.Эрдэнэбат бол прокурор ч биш, их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар ерөнхий прокурорын орлогч болсон хүн. Хэрэг таньж, мэдэхгүй. Мэргэжлийн хүний үүднээс сонсоход инээдэмтэй зүйл ярьж байна лээ. Жишээлбэл, Б.Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн атлаа хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ яллагдагчаар татах дүгнэлт гаргачихаж байх жишээтэй. Хамжигч гэж бүтэн жил хорьчихоод хэрэгсэхгүй болгочихоод өнөөдөр юу болж байгаа нь энэ вэ. Гэсэн атлаа хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан гэдэг нь юу гэсэн үг вэ. Г.Эрдэнэбатын яриаг би цэвэр мэргэжлийн нүдээр шүүсэн, их харамссан. Хөгийн сонсогдож байгаа биз дээ. Б.Содномдаржаа гэртээ, хөдөө хээр агсам тавиад байгаа бичлэг энэ хэрэгт ямар хамааралтай юм бэ. Б.Булган бухимдахдаа салаавч гаргасныг тусгай албаныхан бичиж авсан нь энэ хэргийн ямар нотлох баримт юм. Гэртээ агсам тавьдаг бол дараа нь автоматаар хүний амь хөнөөдөг болж хувирах нь л дээ. Захиалагчийг нь олоогүй мөртлөө “Захиалагч аймар ухаантай, баригдахгүйн тулд зориуд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байгаа юм” гэж прокурор хүн яриад байгаа юм даа. Цаашид хэзээ нэгэн цагт энэ бүхний учиг тайлагдана. Айхтар том хуулийн завхралыг санаатайгаар хийсэн. Дээд шүүхэд Хяналтын шатны шүүх хурал болоход Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч нь шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог. Танхимын тэргүүн шүүгчийн эрхийг Дээд шүүхийн ерөнхий шүүгч булааж аваад өөрөө шүүх хуралдааныг даргалсан. Энэ дунд Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах нэг эрх байдаг. Тэр гомдол үнэн байвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулдаг. Гэтэл Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааж авснаас болоод эсэргүүцэл бичих дөрөв дэх шатны эрх байхгүй болсон. Үүнийгээ ярихгүй байгаа юм. Цаашилбал, Ц.Амгаланбаатар олон удаа худлаа элдэв хэрэг хүлээснийг огт ярихгүй байгаа биз. Зориудаар хаяж байгаа юм шүү дээ. Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булганы тухай яриад, зураг, бичлэг үзүүлээд байдаг. Гэтэл гол зүйлийг ярьсан Ц.Амгаланбаатарын тухай нэг ч яриагүй.

-“Бусад нотлох баримтаар нотолсон” гэж яриад байгаа шүү дээ?

-Г.Эрдэнэбат ингэж яриад байгаа юм. Тэгвэл нотлох баримтаа гаргаад тавиач дээ. Т.Чимгээ энэ хэрэгт оролцсоныг бид ийм нотлох баримтаар тогтоосон гэдгээ л ярих хэрэгтэй. Би хувьдаа тийм л зүйлийг хүсээд байгаа юм. Үнэхээр баримтыг нь олоод нотолчихсон юм бол бүгдийг нь ил гаргах ёстой. Ийм баримтад тулгуурлан Т.Чимгээд ял оноосон гээд хэлэх хэрэгтэй.

Өмгөөлөгчид нь надад өргөдөл ирүүлсэн төдийгүй өөрсдөө ч ирж уулзсан. Тэд хэлэхдээ “Бид тун сонин шүүх хуралд суусан, асар их дарамттай байсан. Шүүх хуралд сууж байхад ард талд битүү хар масктай, буу барьсан тусгай албаныхан зогсч байсан. Нойл ороход хүртэл дагасан. Хэргийг уншаад тэмдэглэл хийхэд хурааж авсан” гэж хэлсэн. Эдгээр тэмдэглэл одоо ч тагнуулын газарт бий. Прокурорууд нь бүх зүйлээ дэлгээд суучихсан байхад өмгөөлөгчид нь буутай, тусгайгийнхнаар мануулсан байдалтайгаар шүүх хурлыг явуулснаар мэтгэлцэх зарчим алдагдсан. Хэргийн нарийн ширийнийг биш өмгөөлөгчдөө сонс гээд байгаа нь ийм л учиртай. Түүнээс УИХ-ын гишүүдэд эрүү үүсгэсэн асуудал байхгүй

-Та С.Зориг агсны хэргийн материалтай танилцсан уу. Хэрвээ тийм бол хууль зөрчсөн болох юм биш үү?

-Би энэ хэрэгтэй танилцаагүй, уншаагүй. Унших ч үгүй. Үүнийг уншихгүйгээр мэргэжлийн хувиар хэргийг дүгнэж, цэгнэх бололцоо надад бий. Энэ хэргийн талаар надад маш олон өргөдөл ирдэг. Цаашлаад надад мэргэжлийн мэдээлэл өгдөг, хамтран ажиллаж байсан хүн олон бий. “Энэ хэргийг ингэж завхруулж байна, сайд аа” гэж дотроосоо мэдээлдэг. Өмгөөлөгч нар арга ядаад ирдэг. Жишээ нь, Т.Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүний хүүр аваачиж хаясан гэж цагдаагийнхан надад хэлсэн. Үнэн л байсан. “Ц.Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн. Юу ч ярьж мэдэх хүн. Энэ хүний үгээр уг хэрэг яваад байна шүү дээ” гэж цагдаагийнхан надад хэлдэг. Асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг. Ц.Амгаланбаатар “Би Архангайн Цэнхэрт гурван хүн алсан” гэж мэдүүлсний мөрөөр манай цагдаагийнхан очиж, хагас сар мөс ухсан. Сүүлд нь худал болж таарсан. Эрдэнэтэд Ганбат гэдэг хүнийг хутгалж алсан хэргийг хүлээсэн. Цагдаагийнхан мөрөөр нь шалгахад мөн л худлаа байсан. Таксины жолоочийг мөчилсөн хэрэгт найзыгаа гүтгээд, барьж аваад шоронд хийтэл найз нь биш өөрөө болж таарсан. Ийм хүний үгээр ажил явуулаад байна гэж манайхан надад хэлдэг. Бодит байдал ийм байгаа юм. Түүнээс энэ хэрэгт өөрийгөө зовоож байх шаардлага надад алга.

-Гүйцэтгэгчээс өмнө захиалагчийг олж ялладаг жишиг дэлхийд байхгүй гэж таны ярьсны эсрэг тайлбар хийсэн. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгдөг. Түүнээс үнэ хөлс авалгүйгээр хүн алахгүй биз дээ. Өөр баримт байхгүй бол захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой юм. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно. Гэтэл энэ хэргийн гүйцэтгэгч нь баригдалгүй 18 жил болчихсон. Энэ тохиолдолд захиалагчийг олох нь нэн тэргүүний асуудал юм. Жишээ нь, Б.Булганы хэлсэн ам зургаар хүн яллачихаад шүүх хуралд оролцуулахгүй байгаа нь ямар учиртай юм. Уг нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асуух ёстой юм байгаа биз дээ. Надад улайрч, зүтгээд байх шаардлага байхгүй. Саяхан Б.Содномдаржаагийн ээж өмгөөлөгчийнхөө хамт ирж надтай уулзсан. Би “Таны хүүхдийг өмөөрөөд байгаа юм биш. Үүнийг та хатуу ойлгоорой. Хүүхэд чинь үнэхээр хэрэг хийсэн бол ярих юм байхгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Сайн хүн болж танд харагдах шаардлага надад огт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх л ёстой. Хуулийн зарчим алдагдсан болохоор би ингэж байгаа шүү гэдгийг эцэслэн хатуу ойлгоорой” гэж хэлээд гаргасан. Энэ хэрэгт өмгөөлөгчийг үгүйсгэж, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм. Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Үүнийг дагаад хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн бичигт “Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн шүү.

-Олон улсын парламентын холбооныхон энэ хэрэгтэй холбоотойгоор манай улсад удахгүй ирэх гэж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Саяхан тус байгууллагаас нэг дүгнэлт ирүүлсэн. Тэр дүгнэлт хэвлэлээр ч гарсан. Олон улсын парламентын холбооны хурлаар тав дахь удаагаа энэ хэргийг хэлэлцсэн байна лээ. Тэр тогтоолд “Ажлын хэсгийн дүгнэлттэйгээ бүрэн, дүүрэн санал нийлж байна. Дахин Монголд очно” гэж бичсэн байна лээ. Бид энэ дэлхий ертөнцийн жишгээр амьдарч байгаа улс. Энэ жишгийн нэг нь шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрх юм. Өмгөөлөгч авах үндсэн хуулийн эрхтэй. Үндсэн хуулийн энэ эрх байхгүй болчихлоо. Жишээлбэл, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгч нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн. Үүнийг яагаад ярихгүй байна. Огт хэрэг өмгөөлж үзээгүй хүнийг хэрэг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд оролцуулсан. Амьдралдаа ганц ч удаа хэрэг уншиж үзээгүй хүнд өмгөөлөгчийн эрх өгөөд шүүх хуралд нь оролцуулсан. Үүнийг Ерөнхий прокурорт, Г.Эрдэнэбатад хэлсэн. “Та бүхэн юу хийж байна. Ийм зүйл байж болох уу” гэж асуусан. Энэ мэт зүйл яриад байгаа учраас л миний хойноос авлаж хөөцөлдөөд байна шүү дээ. Хэрэг үүсгэх гээд шаардлага гарвал татчихна гэх утгатай юм яриад байгаа нь миний амыг хаах гэсэн оролдлого. Би амаа хаалгахгүй. Нэгдүгээрт, би УИХ-ын гишүүний хувиар, хоёрдугаарт, “Гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын хариуцах ажил” гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Засгийн газрыг төлөөлж энэ асуудлыг хариуцдаг хүний нэг нь би. Хууль биелүүлэхийн тулд хүний эрхийг хамгаалдаг юм. Том мэргэжилтэн хүн нэг л эрэг буруу хөдлөхөд түүнийг мэдэрч шийдвэр гаргадаг байх ёстой. Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй, балмад явдал бол энэ хэргийн талаар гаргасан шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл мөн. Бодвол хамжигч гэж нэрлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэчихээд дахиад бариад авах байх юм байлгүй дээ. Монголд ийм балмад явдал гаргуулахгүйн төлөө би байгаа бүхнээрээ дэнчин тавина. Энэ улсын амьдрал өнөөдөр дуусахгүй цааш үргэлжилнэ. Энэ адал балмадын өмнө сөхөрвөл улс дагаад сөхөрнө. 1937 оныг бид мартаагүй. 1937 оныг давтахгүйн тулд би байгаа бүхнээрээ дэнчин тавиад тэмцэнэ. Намайг замаасаа зайлуулах нь эдний нэн тэргүүний зорилт болсон. Хөрөнгө хулгайлдаг, бусдыг тамладаг хүмүүс намайг сүрдүүлж байгаа нь энэ юм байх. Хуулийнхан дээрэмчин болж болохгүй.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

unen.mn