Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Улмаар уг хэргийг үйлдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар хорих ялаар шийтгүүлсэн билээ.

Гэсэн ч С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудал олны анхаарлын төвд байсаар байгаа юм. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын төрийн томоохон албан тушаалтнууд хорих ялаар шийтгүүлээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хууль хяналтынхан хэлмэгдүүлж буй талаар олон нийтэд удаа дараа мэдэгдсэн. Харин дээрх хэргийг илрүүлсэн ТЕГ, ЦЕГ, Прокурорын хамтарсан ажлын хэсэг Ц.Нямдорж нарын хийсэн мэдэгдлийг эсэргүүцэж, хавтаст хэргээс зарим баримтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Ингээд зогсохгүй УЕПГ-аас хэргийн талаарх ноцтой мэдэгдэл ч хийж байсан. Өнгөрсөн даваа гаригт гэхэд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат оролцсон. Тэрбээр “Засгийн газраас тогтоол гарч, зарим хавтаст хэргийг нь нууцаас гаргасан бөгөөд одоогоор 71 хуудас хэрэг нууцын зэрэглэлд үлдсэн. Б.Булган 1998 онд мэдүүлэг өгч байсан, одоо бол огт мэдүүлэг өгдөггүй. Б.Булган анх гэрчээр, дараа нь хамжигчаар, одоо энэ хэрэгт яллагдагчаар татагдаж байна. Гүйцэтгэх ажил бусад нотлох баримтуудад үндэслэсэн. Хэргийн газраас С.Зориг агсан болоод Б.Булган нарын гарын хээ олдоогүй. Хэргийн газраас одоо яллагдаад байгаа гурван хүний гарын хээ гараагүй. Тэр гурван хүний гарын хээг авч чадаагүй, шаардлага хангаагүй ч байж мэднэ.

С.Зориг агсныг би хөнөөсөн гэж 7-8 хүн гарч ирсэн. Шалгаад холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байгаа. Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хэрэг илэрсэн нь таалагдахгүй байх шиг байна. Үүний цаана ямар нэгэн далд сонирхол байж болзошгүй” гэх утга бүхий тайлбарыг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр онцолж байсан. Мөн өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд тэрбээр манай сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ хэргийг үргэлжлүүлэн шалгуулахгүй байх сонирхолтой өндөр зохион байгуулалттай, улс төрийн их хүчтэй бүлэглэл байна” хэмээн ярьсан удаатай. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч “Цензургүй яриа” нэвтрүүлэг гарсны маргаашнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар хийгээд эхэлсэн. Прокурор хэрэг мөрдөн шалгах ажлын хэсгийг ахалсан нь буруу гэдгээс эхлээд хууль зөрчсөн байж болзошгүй олон ноцтой асуудлын талаар тэрбээр хөндөөд буй. Өмнө нь ч хэд хэдэн удаа хэргийн талаар мэдэгдэл хийчихсэн байгаа.

ХЭРЭГ ИЛРҮҮЛСЭН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙ АЙДАС БУЮУХАВТАСТ ХЭРГИЙН МАТЕРИАЛААС ИЛ БОЛГОСНЫ ЦААД ШАЛТГААН

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг илэрсэн. Захиалагчийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор гарч байгаа асуудлын талаар хуульчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байв. Хуульчдын хэлж байгаагаар ТЕг, ЦЕг, УЕПг-аас ажлын хамтарсан баг хэргийг шалгаж байгаа. Гэтэл ажлын хэсгийг прокурорын байгууллага ахалсан нь буруу гэнэ. Прокурорын байгууллага хэргийг хуулийн дагуу мөрдөн шалгаж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Түүнээс хэргийг мөрдөн шалгах ажлыг нь удирдан зохион байгуулаад, мөрдөгчийн ажлыг зааж чиглүүлээд явах нь буруу гэдгийг онцолж байв.

Мөн 68 хуудас хавтаст хэргээс 71 хуудас материалаас бусад нь улсын нууцаас гарсан. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг яг ямар мэдээлэл, баримтаар илэрсэн бэ гэдгийг ил тод гаргах ёстой гэнэ. Олон нийтийн мэдэхийг хүсч байгаа гол зүйл нь энэ гэдгийг хэрэг шалгасан, хянасан, шүүн тасалсан бүх хуульч сайн мэдэж байгаа гэдгийг онцлон хэлж байв.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдэл хийсэн. Мөн баримтат нэвтрүүлэг ч цацсан. Үүний дараа “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Б.Булганы хууль хяналтын байгууллагын ажилтны өөдөөс салаавч гаргаж байгаа бичлэг, Б.Содномдаржаагийн бусдад агсам тавьж, зодож танхайрч байгаа бичлэгийг ил гаргасан. Энэ талаар хуульчид “Хэргийг үнэхээр үнэн шударгаар илрүүлсэн үгүйг хэлж мэдэхгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэмт хэрэгтнүүдийн өгсөн мэдүүлэг зэргээс тодорхой болно. Энэ хэргийг үнэн зөвөөр хуулийн дагуу илрүүлсэн байна гэж хэлэхэд эрт байна. Харин хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбатын ярьж байгаа байдал, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд өгсөн баримт зэргээс харахад нэг зүйл маш тодорхой анзаарагдсан. Хэргийг илрүүлсэн ажлын хэсгийнхэн гол баримтаа гаргахгүй мөртлөө олон нийтэд Б.Содномдаржааг хүн алахаас буцахааргүй танхай балмад гэсэн ойлголт өгөх гэж хичээж байгаа. Эхнэрийнх нь хийсэн бичлэгийг олон нийтэд ил гаргасан зэрэг нь арга ядсан зүйл. Мөн булганы салаавч гаргаж байгаа бичлэгийг гаргаж байгаа нь ч цаанаасаа захиалгат ярилцлага гэдэг нь тодорхой харагдаж байна. Хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийг аТг, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгах гэж байгаа гэх мэдээлэл ирсэн. ажлын хэсэг шалгагдахаас айгаад байх шиг байна. Тэгээд гэмт хэрэгтнүүдийн ар гэрийнхэн болон салбарын сайд, УИХ-ын зарим гишүүн С.Зоригийн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл хийх бүрт эсрэг арга хэмжээ авч байна. Үүнээс болоод тагнуул, цагдаа, прокурор шүүхийн байгууллага бусдыг хэлмэгдүүлдэг гэсэн ойлголтыг олон нийт авч байна” гэх тайлбарыг бидэнд өгч байна лээ.

Мөн хуульчид олон улсад захиалгат аллагын хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн тохиолдолд шалгаад шүүхээр шийтгүүлдэг арга тогтолцоог ажлын хэсгийнхэн хэрэглэсэн нь зөв гэдгийг онцлон ярьж байна лээ. дэлхий нийтэд захиалгат гэмт хэргийг илрүүлэхдээ эхлээд хэргийг гүйцэтгэсэн хүмүүсийг олдог аж. гүйцэтгэгчдийн хэргийг шалгаад шүүхэд шилжүүлдэг. Дараа нь захиалга өгсөн гэмт хэрэгтнүүдийн хэргийг мөрддөг гэнэ. Бүлэг гэмт хэрэг хэмээн үзэж захиалагч илэрсний дараа гүйцэтгэгчдийн хамт хэргийг шүүхэд шилжүүлэх нь буруу аж. Захиалагчдыг илрүүлэх хугацаа хэдэн ч жилээр үргэлжилж болдог байна. Тэднийг хамт шийтгэнэ гэвэл хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд хоригдохгүйгээр сул чөлөөтэй явах болдог гэнэ.

Ц.НЯМДОРЖ ЮУНААС АЙЖ, САНДРААД БАЙНА ВЭ

С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Гэмт хэрэгтнүүдийг барьж, цагдан хориод байгаа талаарх мэдээлэл гарч эхэлснээс хойш Хууль зүйн сайд Ц.Нямдорж эсрэг мэдэгдэл хийж эхэлсэн. Тэрбээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж байгаа талаар хамгийн анх мэдэгдэл хийсэн. “Хэргийг илрүүлсэн ажлын хэсэг хууль зөрчиж байна. гурван шатны шүүх хууль бус шийдвэр гаргасан. Монголын хууль хяналтын байгууллагын завхрал гурван хүнийг хэлмэгдүүлж байна” гээд л олон удаа ярьсан. Хууль зүйн сайд хууль хяналтын байгууллагын талаар сөрөг зүйлс яриад байгаа нь цаанаа ямар нэгэн зорилго агуулж байгаа мэт байдалд түүнийг оруулсан. Энэ талаар хуульчид “Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд салбарын сайд саад учруулах зорилгоор “Энэ хэргийг буруу шүүсэн. Хууль хяналтынхан бусдыг хэлмэгдүүлж байна” гээд яриад байгаа нь зохимжгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулж байна гэсэн үг. Үүнийг Ц.Нямдорж, Ж.Батзандан нар сайн мэдэж байгаа. Түүнчлэн “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч илрэх гэж байгаа эгзэгтэй үед энэ хэргийн талаар байнга ярьж байгаа нь цаанаа ямар нэгэн том зорилго агуулж байж болзошгүй гэх хардлага төрүүлэхээр байна. Хэрэгт ямар нэгэн холбоогүй юм бол Ц.Нямдорж бүх зүйлийг шалгаж дуустал чимээгүй л байх байсан. Энэ хэрэгт хамгийн ихээр санаа зовж байгаа нь ямар нэгэн учир байна” гэх таамаглалыг бидэнд ярьсан юм. Мөн Ц.Нямдоржид хэргийн талаар мэдээлэл өгдөг төрийн алба хаагч байх магадлал өндөр байгаа гэнэ. Ц.Нямдорж хүн амины хэрэгт гурван шатны шүүхээр ял авсан хүмүүсийг өмөөрч байгаа нь энэ хэргийн захиалагчдыг илрүүлэх сонирхолгүй байгаа мэт харагдуулж байгааг олон хүн хэлж байна лээ.

Бие биенийгээ хянах ёстой хууль хяналтын байгууллага бусдыг хэлмэгдүүлдэг гэмт хэргийн бүлэглэл болсон уу, эсвэл улс төрийн томоохон албан тушаалтнууд хэрэгт холбогдох гээд айж сандраад байна уу гэдгийг ганцхан зүйлээр тайлж болно. Тэр нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг хэрхэн илэрсэн, ямар нотлох баримтаар гэмт хэрэгтнүүдийг буруутгаж байгаа вэ гэдгийг ил гаргах л юм. Мөн хэрэг бүрэн шийдэгдтэл Ц.Нямдорж сайд ч, прокурор ч тэвчээртэй хандах ёстой гэдгийг онцолж байсан юм.

Эх сурвалж: Өдрийн сонин