Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хотыг зорих монголчуудын урсгал хэд дахин нэмэгдэж, өдөрт хилээр нэвтрэх иргэдийн тоо 8 – 10 мянгад хүрээд байна. Үүнтэй уялдан, хилийн боомт, гааль дээрх ачаалал эрс нэмэгдэж, иргэд аливаа зөрчилд холбогдох нь ихсэж байгаа талаар Эрээн хот дахь Консулын газраас сэрэмжлүүлэн мэдээлж байна.

Эрээн хот дахь Консулын газар нь хүн хүч, нөөц бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа ч хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдийнхээ гомдол, мэдээллийн мөрөөр тус хотын хил, гааль, боомтын захиргаа, цагдаа, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагуудтай тухай бүрт шуурхай харилцаж, бүх хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Иймд өндөр ачаалалтай байгаа энэ өдрүүдэд худалдаа наймаа хийхээр тус хотод зорчиж буй иргэн бүр сонор сэрэмжтэй байж, эрх ашиг нь хөндөгдсөн тохиолдолд Консулын газрын 62269001 дугаарын утсанд болон тус хотын шинэ, хуучин зээл, барилгын материалын зах, “Шэн тун” тавилгын дэлгүүрүүдэд байрлуулсан самбар дахь монгол хэлээр гомдол хүлээн авах утас, Эрээн хотын төв болон Улаан, Шилийн, Дүнчин дүүргийн цагдаагийн хэсэг, шинэ, хуучин зээлийг хариуцсан цагдаагийн хэсгүүдэд шууд хандахыг зөвлөхийн зэрэгцээ хил хаахаас өмнө буюу өдөр бүр 18 цагаас өмнө Эрээн-Замын-Үүд боомтоор нэвтрэх шаардлагатайг Гадаад хэргийн яамнаас санууллаа.