Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг банк эзэлдэг. Энэ нь санхүүгийн бусад салбарын хөгжлийг тушиж байна гэдгийг  эдийн засагчид шүүмжилдэг. Гэвч банкны салбарын өсөлт жил бүр л нэмэгдсээр. Банкны салбарын нийт актив өнгөрсөн онд 28.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр өссөн.

Энэ хугацаанд банкуудын өөрийн хөрөнгө 3.1 их наяд төгрөгөөр  мөн л өссөн байдаг. Тэдний ашиг нь ч 249 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн талаар Эдийн засаг, бодлого, өрсөлдөх чадварын судалгааны дүн харуулсан. Монгол Улсад арилжааны 10 гаруй банк бий. Банкууд өөрсдийн гэсэн зээл олгох журамтай. Олон улсын судалгааны “Эс ай си эй” компани иргэдийн дунд зээлийн талаар судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан иргэдийн 81 хувь нь ямар нэгэн төрлийн зээлтэй байжээ. Сүүлийн үед арилжааны банкууд орчин үеийн техник, техно­логи дээр суурилан зээл олгодог болсон. Интернэтийн сүл­жээ, компьютерийн дотоод сүл­жээнд суурилсан банкны мэдээл­лийн сан, бэлэн мөнгөний карт, гар утасны банк, цахим төлбө­рийн хэрэгс­лүүд зэрэг бидний амьд­­ра­лын хэрэгцээнд нийц­сэн илүү цаг зав хэмнэ­сэн боломжуудыг санал болгох болсон. Зээл, зээ­лийн харилцаа нь эдийн засагт бодитоор гүйцэтгэж ирсэн санхүүгийн харилцааны нэг хэлбэр байдаг. Иргэд зээлтэй байгаа нь нэг талаар улс орны эдийн засаг тааруу, иргэдийн амьдралын төв­шин муутай холбож тайл­барлах нь ч бий. Гэхдээ тогтолцоог нь авч үзвэл энэ тийм ч худал зүйл биш. Иргэд их хэмжээний бэлэн мөнгө гаргаад амьдралдаа хэрэгтэй зүйлсээ авч чадах­гүй тул зээл авдаг. Сар бүр өндөр хүүндээ дарлуулан амьдарч буй нь манай нийгмийн төрх юм. 

Иргэд машин авах, байшин барих зэргээр цалингийн зээл авдаг

Энэ оны эхний улирлын байдлаар банкуудын нийт зээ­лийн үлдэгдэл 14.4 их наяд төгрөг байна. Үүнээс 11 их наяд нь төгрөгөөр олгогдсон зээл байгаа юм. Хэвийн зээл 314.3 тэрбум болж өмнөх сараас 2.3 хувиар нэмэгджээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 50.7 тэрбум болж 5.8 хувиар, чанаргүй зээл 34.3 тэрбум төгрөг болж 2.7 хувиар буурчээ. Өнгөрсөн оны эхний улиралд банкуудын зээлийн үлдэгдэл 12.6 их наяд төгрөгт хүрээд байсан юм. Зээлийн үлдэгдлийг ангилан авч үзвэл цалин, тэтгэврийн зээл хамгийн их буюу 22 хувь байна. Үүнээс үзэхэд иргэд цалингийн болон тэтгэврийн зээл их авдаг аж. Дараа нь иргэд худалдааны, үл хөдлөх хө­рөнгийн, барилга уул уур­хайн, хөдөө аж ахуйн зээлийг их авдаг байна. Ту­хайлбал, хэрэглээ, цалин, тэтгэврийн зээлтэй 750 мянга гаруй иргэн байгаа бол жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан 40 мянган иргэн байна. Ипотек болон тэтгэврийн зээлийн хүүний хувьд төрөөс хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг тул харьцангуй бага байгаа аж. Цалингийн зээлийн тухайд банкны барьцаа хөрөнгөгүй, тухайн албан хаагчийн орлогын хэмжээнд тохирсон, хүндрэлгүй, олон бичиг баримт шаар­далгүй гардаг тул иргэдэд хамгийн ойр байдаг аж. Судал­гаанаас үзэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын 65 мянга гаруй албан хаагчийн 95 хувь нь арилжааны банкаар цалингаа авдаг байна. Иргэд цалингийн зээлийг ихэвчлэн хэрэгцээний зориулалтаар авдаг. Тухайлбал, машин авах, байшин барих гэх мэт. Монголбанкны мэдээлснээр манай улсын энэ оны эхний улирлын байдлаар зээлийн дундаж хүү төгрөгийнх 19.1, валютынх 11.3 хувь байна. Харин хадгаламжийн хүү төгрө­гөөр 18.1, валютаар 5 хувь байгаа аж. Манай ихэнх салба­руу­дад төгрөгийн зээл түлхүү олгогдсон байдаг.  Харин санхүү даатгал, боловсрол, цахил­гаан, хий, уур, агааржуулалт хангам­жийн салбарт валютын зээл давамгайлдаг байна.   

350 тэрбум төгрөгийн ипотекийн  зээл олгоно

Иргэдийн хамгийн их сонирхдог зээлүүдийн нэг нь ипотекийн зээл. Гэвч ипотекийн зээлийг буцаан төлөлтөөр нь санхүүжүүлдэг болсноос хойш тухайн зээл царцсан гэхэд болно. Үүнийгээ дагаад барилгын салбар ч зогсонги байдалд орсон. Уг нь иргэдийн байртай болох ганц боломж нь ипотекийн зээл. Энэ оны эхний улирлын байдлаар 93 мянган зээлдэгч 4.3 их наяд төг­рөгийн зээл авсан байна. Үүнээс орон сууцны ипотекийн санхүү­жилтийн тогт­вортой тогтол­цоог бүрдүүлэх хөтөлбөр дагуу 3.29 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Харин 20 хувь нь банкны, өөрийн эх үүсвэрээр авдаг гэдгийг албаныхан хэллээ. Ипотекийн зээлийн хэмжээ тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш тогтмол өссөөр байгаа. Энэ оны гуравдугаар сард 497 иргэн 49.5 тэрбум төгрөгийн  ипотекийн зээл авчээ. Нийт  зээлийн 17.9 хувь нь орон нутагт авсан аж. Энэхүү зээлийн 2.4 хувь нь  хугацаа нь хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй байгаа гэнэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ нь буурсан үзүүлэлт аж. Зээлийг барьцаа хөрөнгөөр нь авч үзвэл ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 хувийг 80 шоо метр талбай бүхий орон сууц худалдан авсан байдаг гэнэ. 

Үндэсний шуудан сонин