Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Казахстан, Туркменистан, Киргиз, Япон, Индонез, Бахрей, Тайвань, БНХАУ зэрэг 14 орны 220 гаруй шилэгдмэл тамирчид ирж, ур чадвар, хүч чадлаа сорин  өрсөлдөв.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Хууль сахиулахын их сургуулиас гурван тамирчин оролцсоноос байлдааны самбо бөхийн төрөлд Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч Х.Батхүрээ 68 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсаас байлдааны самбын төрөлд анх удаагаа Ази тивийн аварга боллоо.

Мөн тус их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 211 дүгээр дамжааны суралцагч Б.Өлзийбаяр самбо бөхийн залуучуудын ангилалд 48 кг-ын жинд мөнгөн медаль, Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Доржням байлдааны самбын -74 кг-ын жинд хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Ийнхүү их сургуулийнхаа нэр алдрыг өндөрт өргөж амжилттай оролцсон сонсогчдыг ХСИС-ийн захирлын тушаалаар сонсогч Х.Батхүрээг ХСИС-ийн “Спортын алдар”,  суралцагч Б.Өлзийбаярыг “Тамирчны алдар”, сонсогч Б.Доржнямыг “Хүндэт жуух” бичгээр шагнав. Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон сонсогчдод баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.