УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан нар багш, эмч, цагдаа нарын цалинг нэмэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан байна. Гишүүд асуулгадаа багш, нийгмийн ажилтан, эмч сувилагч, цагдаагийн алба хаагчдын сард авч буй дундаж цалин хөлс яг ямар хэмжээнд буй талаар тодорхой тоон мэдээлэл ирүүлэхийг Засгийн газрын тэргүүнээс хүсчээ. Мөн хөдөө орон нутаг, тэр дундаа алслагдсан бүсэд ажиллаж буй эмч, багш, цагдаа нарт бүсийн нэмэгдэл, ур чадварт нь нийцсэн урамшуулал олгох чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого болон багш, эмч, цагдаа нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямар тооцоо судалгаа хийсэн, хэдийнээс цалин хөлсийг нэмэгдүүлэх бодит боломж буй болох талаар асуужээ.