Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулга нарыг тус тус томилохоор УИХ-тай зөвшилцлөө.  


Монгол Улсаас зарим улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд орлцсон гишүүдийн  олонхийн саналаар  дэмжлэг авлаа. Мөн Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр  өөрөө ажлаа өгөх өргөдлөө өгсөн, харин Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг чөлөөлөх саналаа Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал:  "Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан сонгууль болон түүний дараагаар улстөржсөн мэдэгдэл гаргасан нь эгүүлэн татах үндэслэл болсон" гэж тайлбарласан.