Монголын эдийн засгийн форум 2018 хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлэхдээ, “Тасалдах дөхсөн уламжлалыг сэргээж энэ жилээс дахин Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаад талархаж байна.

  Асуудлын гол нь энд хэдэн хүн цуглаад хоосон цэцэрхэж, энд ийм байна, тэнд тэгдэг юм, ингэх ч ёстой, тэгэх ч учиртай гэх зэргээр чухал үгс хэлж, ажил хэрэгч дүр төрх эсгэж байгаад тармааргүй байна. Бодитой төсөл, үр дүнтэй хэлэлцүүлэг, хэрэгжих боломжит шийдлүүдийг л тойрч ярих, хэрэгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлүүдийг хамтын хүчээр давах, арилгах талаар л илүүтэй ярилцаасай гэж хүсэх байна.  Бодит эдийн засаг нь онолын тодорхойлолт, цэцэн цэлмэг дүгнэлт гэхээсээ улс төрийн эр зориг, шийдэмгий байдлаас илүүтэй хамаардгийг энд онцлон хэлье. Өнөөдөр Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой шийдэл нь хомс болсон цаг.  Үндэсний эрх ашиг, үндэсний онцлог гэсэн хоёр зүйлд захируулан ажлын байр олноор нь бий болгох, боловсруулах үйлдвэрлэлд дорвитой дэмжлэг өгөх, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан томоохон төсөл, хөтөлбөрүүдийг зоригтой зарлаж, эрчимтэй хэрэгжүүлээсэй гэж эдийн засгийн форумд оролцогч талуудад уриалъя. Энэ улс орон, ард түмний төлөө нуруугаа бөгтийлгөж, хуруугаа хөдөлгөж, сэтгэлээ чилээж чадахгүй бол сонгогчид, ард түмэн цаашид дэмжээд, тэвчээд баймааргүй тийм заагт ирээд байгааг ухамсарлах чадвар форумын нийт оролцогсдод байгаа гэж найдъя” хэмээн онцлов.

Өнөөдөр “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, Төвлөрлийг сааруулах бодлого, Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү, Монгол Улсын брэндинг, Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт, Цахим шилжилт ба блокчэйн,  Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвээр салбар хуралдаанууд болох юм.  Яг одоо Рио Тинто группийн Зэс, Очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат"Амжилтын төлөөх хамтын ажиллагаа" сэдэвт үндсэн илтгэлийг тавьж байна.

“Эдийн засгийн форум 2018” хурлын төгсгөлд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд талууд гарын үсэг зурж,  Ерөнхий сайд асуудлыг нэгтгэн дүгнэж Засгийн газрын хийх ажлыг танилцуулах юм байна.

 

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг