АН-ын анхдагч нарыг орон сууцжуулаад зогсохгүй сар бүр 100 000-200 000 төгрөг өгөх хуулийн төслийг АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачилсан байх юм. Үүгээр ч зогсохгүй Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх бөгөөд тэр бүрийг төсвөөс гаргах юм байна. Тодруулбал Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төсөлд АН-ынхан жилд нэг удаа сувилалд үнэгүй хамрагдах, орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулж жилд нэг удаа, хүнд өвчнөөр өвчилж өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх тохиолдолд зардлын 50 хувийг төрөөс төлөх зэрэг заалт тусгасан байгаа аж.

 

            С.Эрдэнэ гишүүний тооцоолж байгаагаар нийт ардчилсан хувьсгалын анхдагч гэсэн 1500 хүн байдгаас өдгөө 1100 хүн амьд сэрүүн байгаа.

Тэдгээр 1100 хүн С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн төслөөр дараах байдлаар төрөөс хайр хишгийг хүртэх аж.

 

С.Эрдэнэ гишүүн хоёр хувилбараар тооцоогоо гаргсан байгаа юм. Нийт ардчилсан хувьсгалын анхдагчдад орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд нэг удаа 44-70,4 тэрбум төгрөг шаардлагатай байна. Жил тутам олгох бусад тусламж , хөнгөлөлтөөр улсын төсөвт 2 тэрбум 700 сая төгрөгнөөс 5 тэрбум 350 сая төгрөгний хооронд улсын төсөвт суулгаж өгөх шаардлагатай гэх. Энэхүү тусламж, хөнгөлөлтийн  мөнгөн дүн жил ирэх тутам буурах бөгөөд Монгол улсын төсөвт дарамт болохгүй гэж гишүүн үзэж байгаа юм билээ.

Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцэх болно. Хэрвээ УИХ-ын гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг дэмжих юм бол УИХ-аар хэлэлцэх болно. Харин олонх нь эсэргүүцэх юм бол уг хуулийн төслийг “унагах” буюу АН-ын анхдагчид төрөөс хөнгөлөлт эдлэхгүй гэсэн үг юм.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа