Тэмээчин бүсгүй Н.Байгалмаад 57500 еврогоо залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер өнөөдөр /2018.05.28/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна 11 цагаас сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн билээ. 

Тэрбээр энэ нээлттэй хэвлэлийн хурлын үеэр Н.Байгальмаад мөнгөө хэрхэн луйвардуулсан талаараа дэлгэрэнгүй ярьсан байна. 

Рой Страйдер: 2011 онд Н.Байгалмаа гэх хүнтэй хамгийн анх гэр бүлийнхээ гишүүнээр дамжуулан Цэрэнгийн гэрт маш богино хугацаанд танилцаад өнгөрсөн. 2014 онд дахин уулзаж байсан. 2016 онд Н.Байгалмаагийн “Offroad Mongolia” компанийн бизнесийн үйл дэмжих зорилгоор ахин уулзсан.

2016 онд Монголд цаатан үндэстнийг судалж, баримтат кино хийх зорилгоор Эстони улсаас баг бүрэлдэхүүнтэй ирсэн. Энэ багт Эстони улсад нэртэй эрдэм шинжилгээний ажилтан, телевизийн алдартай продюсер, дуучдыг багтаа урьж авчирсан. Энэ аяллын үйл ажиллагааг Н.Байгалмаагийн компани зохион байгуулсан. Аяллын явцад Н.Байгалмаа цаатан хүмүүс болон дархад хүмүүс болон бид нарт морьдоо өгсөн хөтчийн зарим төлбөрийг төлөөгүй байсан. Мөн цаатан хүмүүст өгөх ёстой байсан төлбөрийг маш бага хэмжээгээр өгсөн байна лээ. Н.Байгалмаагийн хийсэн ажил хуурамч, хууль бус гэдгийг би эхэндээ мэдээгүй байсан. Энэ бүхнийг мэдээд шүүх цагдаад хандах болсон.  

Н.Байгалмаа манай багийнхан болон надад нөхөргүй гэдгээ удаа дараа хэлсэн. Би үүнд нь итгээд тэр бүсгүйтэй дотно харилцаанд орсон. Аяллын явцад Н.Байгалмаа “Байр авсан. Түүнийхээ өр зээлийг төлж чадахгүй санхүүгийн асуудалтай байгаа.” гэдгээ хэлсэн.  Тэгээд Эстони улс руу очмоор байна гэдгээ хэлж визэнд орж манай улсад ирсэн. Энэ хугацаанд хамтран амьдрагч шиг нэг гэрт хамт амьдарч эхэлсэн. Н.Байгалмаа бас л санхүүгийнхээ хүндрэлтэй асуудлыг байн, байн ярьж хэцүү байгаагаа хэлдэг байсан. Ингээд би өөрийнхөө байр, хадгаламж болон эгчийнхээ байрыг банкны барьцаанд тавьж, мөнгө өгсөн. Энэ мөнгөөр Н.Байгалмаа байрныхаа бүх өр төлбөрийг төлөөд Монголруугаа буцсан. Тэр үед Н.Байгалмаа нөхрөөсөө салаагүй цугтаа амьдарч байсан юм билээ. Надаар бүр өрөө төлүүлчихээд “Би нөхөртэйгөө хамт амьдармаар байна. Бидэнд битгий саад бол, холбоогоо тасал” гэж удаа дараа хэлсэн. Н.Байгалмаа надаас авсан мөнгөө буцааж төлөх гэрээнд гарын үсгээ зурсан хамт амьдарч байх хугацаандаа зоддог, хулгайлсан, хэд хэдэн удаа хүчиндсэн гэсэн аймшигтай худал цуу мэдээллийг цацсан" хэмээлээ.