Хүн ам өсч, техник технологи хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлага бий болдог. Тухайлбал, манай улсын эрчим хүчний хэрэглээ 2013 оноос хойш 16 хувиар нэмэгджээ.

Энэ хэрээр цахилгаан станцуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байгаа ч эрчим хүчний өнөөгийн байдал хүндрэлтэй хэвээр байгааг салбарын сайд нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн нийслэлийн гэр хорооллын айлуудыг цахилгаанаар халааж, агаарын бохирдлыг бууруулахын тулд эрчим хүчний хүчин чадлыг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч буй. Тиймээс айл өрх, албан байгууллагуудын цахилгааны хэрэглээг бүрэн хангахын тулд эрчим хүчний гол эх үүсвэр болох Дулааны III, IV цахилгаан станцуудыг өргөтгөх талаар Засгийн газрын төвшинд ярих болжээ. Ингэхдээ ОХУ-аас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах 100 тэрбум рублийн зээлийн тодорхой хэсгийг дээрх цахилгаан станцуудыг өргөтгөх ажилд зарцуулах бололтой. Эдгээр цахилгаан станц нь манай улсын эрчим хүчний хэрэглээний 80 гаруй хувийг хангадаг бөгөөд насжилтын хугацаа нь дууссан учир өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай аж. Тодруулбал, III цахилгаан станц 50 жил, IV цахилгаан станц 35 жилийн насжилттай юм.

Үндэсний шуудан сонин