Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэлийг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Ингэхдээ эрчим хүч, авто зам, уул уурхай, банк, санхүү, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, Төрийн банк, Монголын Хөрөнгийн бирж, МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”  зэрэг компанийг хувьчлахаар төлөвлөсөн юм. Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар болсон. Төрийн өмчит хувьцаат компаниуд “ашиггүй ажилладаг” гэсэн шошго үргэлж зүүгдэж байдаг. Харин сүүлийн үед төрийн өмчит хувьцаат компаниудыг ашигтай ажиллаж байгаа талаар мэдээлэл түгэх болсон. Тухайлбал, төрийн өмчит хувьцаат компаниуд 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрсөн оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3.4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 10.8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр 8.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан. Өнгөрсөн оны 10.8  их наяд төгрөгийн өр төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкны ашиглаж байгаа 5.2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон ба энэ эх үүсвэрээс хувийн секторт 4.4 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Ийм учраас Төрийн банк, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр 5.2 их наяд төгрөгийг нийт төрийн өмчит компаниудын өр зээлээс хасч тооцвол төрийн өмчит компаниудын өр 3.5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1.4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2.1 их наяд төгрөг байна” хэмээсэн юм. Одоогоор манай улсад төрийн өмчийн 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа тав, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулдаг. Төрийн өмчийн компанийн хэрэглээг танах шаардлагатай талаар олон нийтийн зүгээс эсэргүүцэл их байдаг. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн тэдний зардлыг хязгаарлах болсон юм. Өнгөрсөн жил улсын төсөвт өмч хувьчлалаас 120 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж тооцсон ч биелээгүй гэдэг. Эдгээр хувьд гаргах болсон компаниуд зарим нь ашигтай, зарим нь алдагдалтай ажиллаж байжээ. Дээр нэр нь дурдагдсан хувьчлахаар төлөвлөсөн компанийн ашиг орлогын талаар танилцуулъя. 

МИАТ 6.3 тэрбумын татвар төлсөн байна
ЗХУ-ын тусламжаар сууриа тавьсан манай нисэх хүчин улам өргөжин тэлж, гаднын орнуудтай харилцаа гүнзгийрч тэдэн рүү агаарын тээвэр хийх шаардлага тулгарсан тул 1993 онд МИАТ нь төрийн өмчийн бие даасан агаарын тээврийн компани болсон түүхтэй. МИАТ компанийг хувьчлах асуудал сүүлийн үеийн трэнд сэдэв байсан гэхэд болно. Үргэлж санхүүгийн асуудалтайгаараа цоллуулдаг тус компани 2015 оноос хойш ашигтай ажиллагаандаа шилжсэн хэмээн удирдлагууд ярьж байсан. Тухайлбал, 2014 онд 50 сая төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015  онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан хэмээн удирдлагууд нь онцолдог. Мөн нислэгийн хэд хэдэн шинэ чиглэл нээсэн юм. Өнгөрсөн онд тус компани 20 сая төгрөгийн ашигтай ажилласан байна. Одоогоор  “МИАТ” компанид 800 хүн ажилладаг. Өнгөрсөн оны байдлаар “МИАТ” Монгол Улсад 6.3 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалд 6.2 тэрбум төгрөгийг төлжээ. “МИАТ” олон улсын есөн чиглэлд, орон нутгийн нэг чиглэлд нийтдээ 2003 удаагийн аяллаар 16200 цагийн нислэг үйлдэж, 592 мянган зорчигч тээвэрлэсэн аж. 

Төрийн банк 21.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Төрийн банкийг 2009 оны арваннэгдүгээр сарын 24-нд байгуулсан. 2013 онд “Хадгаламж” банк төлбөрийн чадварын эрсдэлд орсны улмаас тус банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах, ажиллагсдын ажлын байрыг хадгалах зорилгоор Монголбанкны шийдвэрээр Төрийн банкинд шилжүүлсэн. Эхэндээ Төрийн банкийг МИАТ-ын нэгэн адилаар ашигггүй ажилладаг хэмээж байсан ч сүүлийн жилүүдэд Монголбанкны тогтоосон шалгуурт нийцдэг банкаар цоллох болсон. Тухайн үедээ улс мэдэлдээ арилжааны банктай байж болохгүй гэж эдийн засагчид эсэргүүцэж байсан. Тиймээс Төрийн банкыг хэсэг хугацааны дараа хувьчлахаар тусгасан байдаг. Төрийн банк нь өнгөрсөн онд 12.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан 2.3 их наяд төгрөгийн активтай аж. Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болох “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа”-ны үзүүлэлт 25 хувь байхаас 36.75 хувь, “Өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа”-ны үзүүлэлтийг 14.0 хувь байхаас 18.44 хувьтай ажиллаж байгаа тухай удирдлагууд нь дурддаг. Уг банк анх 130 гаруй тэрбум төгрөгийн активтай байсан бол 2012 оны эцсийн байдлаар 300 гаруй тэрбум төгрөгийн активтай болж, тасралтгүй өсч дээрх тоонд хүрчээ. Төрийн өмч, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “2017 оны төсөвт суулгасан хамгийн том хувьчлал бол Төрийн банк. Төрийн банкны хувьчлалын үнэлгээ 300 тэрбум байгаагаас 225 тэрбум төгрөгийг банкны үйл ажиллагааг сайжруулахад зарцуулах үүднээс Монголбанкинд шилжүүлж, үлдсэн 75 тэрбум төгрөгийг төсөвт оруулна гэж тооцсон. Төрийн банкны хувьчлалын хүрээнд Монголбанк, Засгийн газар, Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас бүрдсэн Ажлын хэсэг байгуулсан. Хувьчлалын гол ажлыг Сангийн яам удирдана. Монгол Улсад арилжааны 17 банк байхад төр заавал арилжааны банктай байх шаардлагагүй гэсэн концепцоор хувьчлах нь зөв гэж шийдвэрлэсэн” гэсэн юм. Одоогоор Төрийн банк жилд 17 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа гэнэ. Өнгөрсөн оны төсөвт Төрийн банкны 25 хувийг хувьчилж 75 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан байсан юм. 

Хөрөнгийн биржийн нийт арилжааны таван хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэлдэг
Монголын хөрөнгийн биржийн нийт арилжааны таван хувийг гаднын хөрөнгө оруулагчид эзэлж, үлдсэн хувийг дотоодын аж ахуйн нэгж, иргэд эзэлдэг байна.  2011, 2012 онд нийт арилжааны 81 хувийг гадаадын хөрөнгө оруулагч нар хийж байсан. Тэр дундаа Америк, Хонгконг гээд оффшорт бүртгэлтэй сангууд орж иржээ. Үнэт цаасны арилжаа эрлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр “Хөрөнгийн зээл бол эдийн засгийн толь” гэсэн байдаг. Түүнчлэн  2011 онд уул уурхайн өсөлтийг даган Хөрөнгийн биржийн арилжаа  нэмэгдсэн ч 2016 онд ханш буурахад хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд саарч эмзэг төвшинд хүрсэн түүхтэй. Монголын хөрөнгийн бирж секундэд 50 мянган ширхэг арилжаа хийх  чадвартай.  Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаа 2016 оны эхний хагаст 98.6 тэрбум төгрөгт хүрсэн.  Тус компани 2014 оны эхний хагаст 12.9 тэрбум, 2015 оны эхний хагаст  5.7 тэрбум, 2016 оны эхний хагаст  13.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байдаг.  Хөрөнгийн биржид 229 хувьцаат компани байгаагаас 100 хувь төрийн өмчит 19 компани, төрийн өмчийн оролцоотой 15 компани, үлдсэн 185 компани нь хувийн компаниуд байна. Хөрөнгийн биржийг 20 тэрбум төгрөгөөр хувьчлахаар төсөвт тусгасан юм. 

“Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна 
“Монголын цахилгаан холбоо” компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг юм. “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа өнгөрсөн оны зургадугаар сард ирүүлснээр тус оны аравдугаар сард компанийн 10.3 сая ширхэг хувьцааг худалдан авах 2.5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг төсөвт суулгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан байдаг. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар суурин утасны 25 хувь, суурин интернетийн 11.3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.  Түүнчлэн хөрөнгийн зах зээл дээрх тус компанийн ханш мөн хугацаанд хамгийн өндөр буюу 4.51 хувиар унасан юм. Өнгөрсөн оны төсөвт тусгаснаар “Монголын цахилгаан холбоо”-г 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж тооцсон. Тус компани 2009 онд 2.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 440 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тарааж байлаа. Түүнчлэн  2010 онд 1.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Харин 2011 онд алдагдалд орж эхэлсэн юм. Энэ оны хоёрдугаар сард Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Монголын цахилгаан холбоо” компанийн 2015, 2016 оны эхний хагас жилийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд нийт 2.6 тэрбумын зөрчил илрүүлэв. Шалгалтаар орлогын төлөвлөгөөг 2015 онд 2.1 сая төгрөгөөр, 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 570 орчим сая төгрөгөөр тасалдуулсан зөрчил илэрсэн. Өнгөрсөн онд тус компани 7.287 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө батлуулснаас оны эцэст 2.981 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэл 40.9 хувьтай гарчээ.

Үндэсний шуудан сонин