УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Н.Энхбаяр дарга МАХН-ын ээлжит бус Их чуулганыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Үүний өмнө Бага чуулганаа хийсэн. Тэндээс намынхаа дүрмийн шинэчилсэн найруулгыг хийж Улсын дээд шүүхэд өгөхөөр болж байгаа гэсэн. Ээлжит бус Их чуулган зарлах боломжтой юу?

-МАХН дүрэмтэй. Уг дүрмийн хүрээнд МАХН-ын дарга Их чуулганыг зарлаж болдог. Бага чуулганы ги-шүүдийн гуравны хоёрын шаардлага өгөөд зөвшөөрөөгүй тохиолдолд зарлаж болно. Гүйцэтгэх товчоо мөн зарлаж болох дүрэмтэй. Дүрмийн дагуу МАХН-ын Бага чуулганы гишүүд гээд анхдугаар чуулганаар батлагдсан 139 хүн байсан. 104 хүн нь Бага хурлаа зарлаад хуралдсан. Бид тухайн үедээ 70 гаруй хүний гарын үсэгтэйгээр хурлаа хийх шаардлагаа намын даргад өгөхөд Уламбаяр гэдэг залуу манай намын ахмад гишүүн Магнайбаяр гуайг зодсон. Хуулийн байгууллага 100 мянган төгрөгөөр торгосон. Биднийг “ална, хядна” гэсэн заналхийлэл хэрээс хэтэрч байсан ч 104 хүн маань аймаг бүрээсээ төлөөллүүдээ авч ирэн 800 хүнтэйгээр арванхоёрдугаар сарын 8-9-нд намын Их хурлаа хийсэн. Биднийг хурлаа хийсний дараа Н.Энхбаяр дарга Бага хурлаа хуралдуулъя гэсэн ч боломжгүй байсан учраас Улсын циркт мянгат, түмтийн зөвлөгөөн гэдэг юм хийсэн. Ихэнх дарга нар нь байгаагүй. Тэндээсээ 21 дүгээр зууны хоёрдугаар Их хурлаа хийе гэсэн шийдвэр гаргасан. Тэр нөхдүүд 1000 хүн авч ирлээ гээд том шоу хийсэн. Тэгээд материалаа дээд шүүхэд өгсөн ч Бага хурлаараа Их хурлаа зарладаг юм байна гээд буцаасан. Дараа нь тэд тэр хүнийг тэгж халсан, чөлөөлсөн гэсэн бичиг Улсын дээд шүүхэд аваачиж өгсөн. Тавдугаар Үндсэн хуулийг баталлаа гээд байгаа. Нэгдүгээрт, улс төрийн нам тавдугаар Үндсэн хуулийг баталдаг байгууллага биш. Хоёрдугаарт, тавдугаар Үндсэн хуулийн дагуу гээд зүйлс бичсэн байна. Та нар тавдугаар Үндсэн хууль гэдэг зүйлээ эшлэх эрх байхгүй. Хамгийн гол нь Бага хурал чинь Их хурлаа зарлаагүй байна гээд буцаасан. Тэд үнэнд гүйцэгдсэн.

АН, МАН-аас мөнгө авч хурал хийсэн гэж намайг гутаан доромжилж, манай намын гишүүдийг зодсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг дайрч доромжилсон л доо.

-Өвөл таны хуралдуулсан хурлыг хүчин төгөлдөр бус гээд байсан даа...

-Хүчин төгөлдөр гэдгийг Н.Энхбаяр гэдэг хүн хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-ын дагуу бид шүүхэд гомдлоо гаргаад явсан. Тэд манай бүртгэлийг татгалзуулах гээд Их хуралд янз бүрийн хүн орсон гэдэг яриа гарсан. Ядарсан хүмүүсээр гарын үсэг зуруулж, гомдол гэж юм бичүүлээд аваачиж өгөнгүүт шүүх “Намын доторх маргаанд оролцохгүй” гэсэн. Харин биднийг шахчихсан байхгүй юу. Н.Энхбаяр даргын тойрон хүрээлэгчид булчинтайдаа бардаад байна. Ардчилсан нам тэр дундаа С.Эрдэнэ энэ хүнийг дэмжиж байгаа. Дэмжиж байгаагийн баталгаа нь тэд илгээлт өгсөн. МАН мөн дэмжиж байгаа юм. Тэдэнд О.Баасанхүү биш, Н.Энхбаяр гэдэг хүн хэрэгтэй байгаа байхгүй юу. 2012-2016 онд энэ хүнийг дэргэдээ байлгаж байгаад ямар зүйлсийг амжуулсан билээ дээ. Эрдэнэтийн 49 хувийг авсан, Оюу толгойн Дубайн гэрээг хийсэн, хүүхдийн мөнгийг 60 хувь болгож, эдийн засгийг хямраасан. Түүний дэргэд байсан сайд дарга нар буруудаж зарим нь шоронд орсон.

МАХН-аас сонгогдсон ганц гишүүний хувьд ард түмэндээ амласан зүйлээ биелүүлэхийг хүсээд байгаа юм. Хэдийгээр би ганцаараа ч гэсэн энэ улсыг цэвэрлэхийн төлөө зөв баг, зөв бодлого, зөв хөтөлбөр, зөв хүмүүстэй хамтарч ажиллах зорилгоо биелүүлэхийн тулд ингэж янз бүрээр хэлүүлээд явж байна.

-Н.Энхбаяр даргатайгаа муудалцаад байх юм. Нэг дээвэр дор багтахаа больчихсон хүмүүс юм уу?

-МАХН гэдэг бол Н.Энхбаяр даргатай муудалцах биш. Бид хоёрын аль нэг нь буруу үйл ажиллагаа явуулсан бол буруугаа үүрээд явъя. Н.Энхбаяр дарга бүх сонгуульд ялагдуулсан. МАН-тай эвсэж сонгуульд орж болох байсан ч тэгээгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Нарангэрэл академчийг дэвшүүлж болох байсан шүү дээ. Ядаж орон нутгийн сонгуульд ялах боломж байлаа. Дандаа буруу зүйл хийсэн. Нэг голын усанд хоёр удаа сэлдэггүй гэдэг байх аа. Н.Энхбаяр дарга байхдаа олон сайн зүйл хийсэн гэдэгтэй маргахгүй. Харамсалтай нь буруу хүмүүстэй буруу аргаар нөхөрлөөд энэ намыг унагаасан гэдгийг намынхан маань хэлээд намаа шинэчилье гэж байгаа юм.

Одоо шүүхийн байгууллагыг татан буулгана гээд хувьсгалд уриалж, хүчирхийлэлд турхирч байна. Ийм байж болох уу. Н.Энхбаяр дарга УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх албан тушаалыг хашсан. Оюу толгойн гэрээ ингэж буруу явсанд Н.Энхбаяр дарга шууд холбоотой. Фрийдландад яагаад А лиценз өгсөн юм. 2009 оны тавдугаар сарын 16-нд Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гарч байхад яагаад болиулж болоогүй юм. Үүнийг үндэслээд Их хурлын тогтоол гарсан байна. Бүх эрх мэдэл өөрт нь байсан шүү дээ. Шүүх, прокурор, цагдаагаас эхлээд бүх зүйл дээр өөрийнх нь хүн байсан болохоор хүссэн бүхнээ хийдэг байсан. “Албан тушаалаас илүү ард түмний дэмжлэг хэрэгтэй” гэж номондоо бичсэн шигээ байх хэрэгтэй. Харамсалтай нь тэгж чадаагүй учраас дараагийн үе нь ингэж өндийж байгаа юм.

-Одоо Н.Энхбаяр дарга МАХН-ын дарга уу, та намын дарга уу. МАХН гэж нэг нам байна уу, хоёр нам байна уу?

-Улсын дээд шүүх шийднэ. МАХН нэг нам. Таны асуулт мөнгөтэй нь намын дарга уу, мөнгөгүй нь намын дарга уу гэж асууж байгаа юм шиг санагдлаа. МАХН гишүүд дээрээ суурилсан нам мөн юм бол би намын дарга. Тойрон хүрээлэгч, хэвлэл мэдээллээрээ өөрийгөө сурталчилсан, компанийн засаглалаар удирдах ёстой гэвэл Н.Энхбаяр намын дарга юм шиг байна. Би намынхаа гишүүдэд хандаж мөрийн хөтөлбөрөө тодорхойлсон. 50 мянган хүнийг ажлын байртай болгоё, таван үйлдвэр барья гэж байгаа юм. Одоо гудамжны тэмцлээ хойш нь тавиад 50 мянган хүнийг ажилтай болгоё. Түүнээс биш үнэгүй орон суууцанд оруулж, юу ч хийгээгүй байхад нь таван сая төгрөгийн цалин олгоё гэж явахгүй. Хуулийг хэрэгжүүлдэг хуулийн засаглалтай болох ёстой. Нам, дарга хууль биш ээ. Хууль гэдэг бол батлагдсан мөрдөх ёстой зүйлийг дарга, цэрэг гэлтгүй бүгд дагах ёстой. Тиймээс бид тэгш үйлчлэх зарчмыг оруулж ирье гэж байгаа юм. Настай юм даа больё доо, Ерөнхий сайд байсан юм даа хөөрхий дөө, Ерөнхийлөгч байсан юм даа эвий дээ гэлгүй буруу зүйл хийвэл хариуцлагаа хүлээдэг болох цаг болсон.

Манай намын гишүүд тавдугаар Үндсэн хууль гээд байгаа зүйлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Бид одоогийн Үндсэн хуулийг сайн гэж байгаа юм биш. Яагаад өнөөдрийн Үндсэн хуулийг оролдохгүй байна вэ гэхээр бид 26 тэрбум ам.долларын өртэй байна. Бид Украины араас ормооргүй байна шүү дээ. Үнэндээ бид Тимошенко шиг болчихлоо. Ленин гадаадад очоод гадны мөнгөөр хувьсгал хийсэн байдаг. Эцсийн зорилго нь ахыг нь шоронд алсан учраас тэр. Аймшигтай биш үү. Сүүлдээ Ленин нялх хүүхдийг хүртэл буудаж алсан. Тэр хүний агуу ихийн дэмийрэл нь өс хонзон дээр суурилсан байсан байхгүй юу. МАХН 100 жилийнхээ түүхэн дээр шинээр алхам хийх ёстой. Сайн зүйлээ улам сайжруулж, муу зүйлсээ засаад явцгаая. Түүнээс биш бидэнд хэмжээгүй эрхт хаант засаг хэрэггүй. Халамжийн улсыг бий болгох гээд байх юм Энхбаяр дарга. Мөнгө дуусна шүү дээ. Кадаффи ард түмэндээ 1000 ам.доллар өгдөг байхад ард түмэн нь яагаад дургүй байдаг байсан юм. Учир нь болохгүй байна гээд бодлого ярих гэхээр мөнгө өгчихдөг. Бүр болохгүй бол буудаад алчихдаг байсан. Өөрөө алтан жорлон дээр суудаг байсан тул ард түмэн нь түүнийг эсэргүүцдэг байсан шүү дээ. Үүнийг нь гадныхан өдөөгөөд явсан. Манайд гадаадад олон жил болсон хүмүүс тэдний гар хөл болж Монгол Улсыг мөхөл рүү явуулж байна. Өс хонзонгоо авлаа гэхэд ард нь улс байгаа гэдгийг мэдэхгүй байна гэж баймааргүйсэн. Таван толгойгоо зараад мөнгийг нь ард түмэнд өгье гэх юм. Хэн авах гээд байгаа юм бэ.

-Засгийн газар Таван толгойгоо эргэлтэд оруулж, 30 хувийг нь IPO болгон олон улсын хөрөнгийн бирж дээр гаргана гэж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Зөв гарвал болно. Дахиад булхай явбал хэцүү. IPO гараад бэлэн мөнгө орж ирвэл тэр мөнгөөрөө өөрсдөө ашиглалтаа сайжруулаад цаад хүмүүстээ 30 хувийн ашгийг нь өгөөд бид 70 хувийн ашгаа авцгаая. Ингээд явж болно. "Даахгүй нохой булуу хураана" гэдэг шиг яваад яах вэ дээ. Асуудлын гол нь энэ чинь 100 тэрбум ам.долларын өртөгтэй компани байхгүй юу. Хашаандаа нүүрс буулгах гэж байгаа юм шиг сэтгэхүйгээр хандаж болохгүй. Өмнө нь Таван толгойг хувийн компанид өгөх гэж байхад нь Өргөдлийн байнгын хороон дээр гомдол ирээд Засгийн газарт “Хувийн компанид өгч болохгүй. Ард түмнээсээ асуу” гэдэг чиглэлийг би өгч байсан. Үүний дараа намайг Өргөдлийн байнгын хорооны даргаас шууд огцруулсан. Ардчилсан намынхнаас асуусан чинь “Танай дарга чинь л гуйсан шүү дээ” гээд Ж.Батзанданг даргаар нь тавьж байгаа юм даа. Зөв юм хийхээр ингэдэг байхгүй юу.

-Таныг зодсон гээд байх юм. Нөгөө хэсэг чинь таныг зодоогүй гэх юм. Ер нь ямар учиртай юу болчихсон юм бэ?

-Хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ талаар би ямар ч байр суурь илэрхийлээгүй. Танай сонинд ч илэрхийлж болохгүй. Задлахгүй гээд гарын үсэг зурчихсан юм. Хуулийн байгууллага нь шалгана биз. Нөгөө нөхдүүдийн хэлж байгаагаар би буруутай бол буруугаа үүрье. Миний бодож байгаагаар тэд буруутай бол тэд буруугаа хүлээгээд явах ёстой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш. Үүнийг тайлбарлаад хэвлэлийн хурал хийх дэмий шүү дээ. Ялангуяа Ц.Оюунбаатар ийм зүйл ярих хэрэггүй. Сайн муу ч гэсэн дөрвөн жил нэг ширээнд суусан. Эрдэнэжамьян ийм зүйл ярьж болохгүй. Хоригдох гэж байхад нь хойноос гүйж харайгаад явсан хүн нь би. АТГ-т оччихсон бүгд хаяад зугтсан байхад нь би гүйж очиж өмгөөлж, хамгаалж үлдээсэн. Ц.Шаравдорж ч ийм юм яриад байх шаардлагагүй. Тэнд яриад байгаа хүмүүс нь ичмээр шүү дээ. Манай хамаатан шахуу хүн тэнд очоод суучихсан Хяналт, ёс зүйн хороон дарга ч гэнэ үү юм яриад сууж байсан. Энэ хүмүүсийг ийм байдалд оруулах хэрэггүй.

-2020 оныг угтаад л замаа цэвэрлээд байгаа юм биш үү?

-Гишүүн болох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм бэ. Гишүүн болох нь эцсийн зорилго уу, зөв бодлого дэвшүүлэх нь эцсийн зорилго уу. Тэд ямар гишүүн болж үзээгүй биш. Н.Энхбаяр дарга төрийн хамгийн дээд өндөрлөгт очсон уу очсон. 2012-2016 онд бид боломж өгсөн үү өгсөн. Багаа удирдаж явж чадаагүй. 2020 онд шинэ бодлого, чиглэлээр авч явах ёстой. Ингэлээ гээд улсаа сүйрүүлэхийн төлөө явж болохгүй. Улсын дээд шүүхийг татан буулгая гээд байгаа. Шүүхээ татан буулгая гэдэг чинь төрөө устгая гэсэн үг. Төрийн эсрэг гэмт хэрэг.

Их хурлыг тараая гэх юм. Тарааж болно. Маргааш ямар хуулиар сонгууль явах юм. МАН, АН-ын 50, 50 хувь нь орчих гээд байна. Яриад байгаа зүйлд нь хүрэлгүй үгүйсгэлийн бүр үгүйсгэлийн хуулиар явж болохгүй.

-Үндсэн хуулийн Цэцийн дөрвөн гишүүнийг томилсон. Таны байр суурийг сонирхъё?

-Ерөнхийлөгчийн оруулж ирсэн санал бүрийг унагаадаг хэрнээ дэмжвэл иймэрхүү маягаар л дэмжиж байна. Хүүхдүүдээсээ 12 тэрбумыг хармаллаа шүү дээ. Цэцийн гишүүн боллоо гээд бүгд долоолоо шүү дээ. Би юм болгонд нь орж яриад яахав. Манай намын үед ийм зүйл хийгдэхгүй. Хатуу хэлэхэд манай нам МАН, АН-тай төрийн эрх ашгийн үүднээс тохирч болохоос албан тушаалаар тохирч болохгүй.

Би Н.Энхбаяр даргын нэг зүйлд баярладаг. Тэр нь намайг сайд болгоогүй явдал. Туршлагагүй хүн сайд хийгээд хэрэггүй.

-Яагаад?

-Монгол Улсын эрх ашгийн өмнөөс гээд гарын үсэг зуруулдаг. Гарын үсэг чинь гэмт хэрэг болдог. Гарын үсэг зурахгүй бол ажил хийж болдоггүй, зурахаараа шоронд орчих гээд. Тэгээд шившгийн хөндийгөөр явдаг. Тэд шударга ёс тогтоож чадахгүй гэдэг нь эрх баригчидтай биш, ганцхан надтай тэмцэж байгаагаас харж болно. О.Баасанхүүг эгүүлэн татъя л гээд байдаг. Нөгөө 75 дотроос нь татах хүн олдохгүй байгаа юм байх аа. Сүүлд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгнө гэнээ. Надаас бусад нь ёс зүйтэй юм байх аа. Өмнө www.tug.mn сайтыг ажиллуулдаг хүнтэй ойрхон байсан нэг хуульч надаас 10 тэрбум төгрөг нэхэж, аав, ээжийг минь дарамталсан шүү дээ. Хачин юм болж байсан. Энэ бүгдийг бий болгосон хүн ямар аргаар хүнийг шившгийн хөндий болгох вэ гэдгээ мэдэх байхгүй юу. Тиймээс өнөөдөр би зоригтой байгаа. Надад айдас алга. Хойд Солонгост Ким Ир Сен гэж агуу хүн байж. Монголд цор ганц агуу хүн байгаа нь Н.Энхбаяр. Үндсэн хууль бичээд өгчихье гээд “болохгүй” гэсэн хүн бүр буруутай болж байна. Н.Энхбаяр дарга нийгмийн хувьд амиа хорлож байгааг хараад харамсч байгаа. Хууль дүрэм гэж байгаа. Одоо зогс. Галт тэрэг явчихсан. Дүү шигээ хүнийг шоронд хийгээд өгөөч ээ гээд өөрийн гар хөлүүдээр бичиг өгүүлж яаж чадаж байна аа. Би өмгөөлөгч нь байсан хүн шүү дээ. Баасанхүү олигтой өмгөөлөөгүй гэж худлаа ярьж яваа юм билээ. Би ТВ9 телевизийг чинь Японд очиж Засгийн газарт нь ноот бичиг явуулаад хамт олондоо авч өгч байсан. Би ТВ9-д ажилладаг байсан шүү дээ. Намайг биш МАН, АН-ыг шүүмжил л дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин