БНХАУ-ын Коммунист нам “Дэлхийн улс төрийн намуудын яриа хэлэлцээ дээд хэмжээний хурал” 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-ны хооронд Бээжин хотноо “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон бүтээх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдав. Хуралд 120 улсын 200 гаруй улс төрийн намын 800 орчим төлөөлөгчид оролцож, “Ши Жиньпиний Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын онол”, Хятадын хөгжил: шинэ эрин, шинэ төсөөлөл”, “Дэлхий дахинд инновацийг түгээхэд Хятадын оролцоо”, “Улс төрийн намуудыг бэхжүүлэх нь”, “Улс орнуудын хөгжлийн төлөө”, “Бүс ба зам санаачлагыг хамтдаа хэрэгжүүлэх нь” зэрэг олон чухал сэдвээр ярилцаж, харилцан санал бодлоо солилцов. Энэ нь дэлхийн улс төрийн намуудын харилцаа хамтын ажиллагааны түүхэнд анх удаагаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаагаараа онцлог юм.  Монголын талаас эрх барьж буй МАН-аас Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Солтан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, МАН-ын ГХА-ны дарга Б.Мөнхжин нар болон бусад улс төрийн намуудын төлөөлөл оролцов. Уг хурлын 2 дугаар бүгд хуралдаанд Д.Амарбаясгалан  “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон бүтээх нь”  сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Энэ нь 800 гаруй төлөөлөгч оролцож буй 200 гаруй улс төрийн намаас МАН-д тусгайлан ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл болсон юм. Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд эрх барьж буй улс төрийн намуудын үүрэг оролцоо чухлыг тэмдэглээд, Хятадын онцлогтой социализмыг амжилттай цогцлоон бүтээхэд ХКН-д өндөр амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг салбар хуралдаанд “намын боловсон хүчний бодлого, тэднийг сургах нь” сэдвээр илтгэл тавьж, МАН-ын туршлагаас хуваалцсан.