Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бид хүүхдүүдээ чихэр, амттанаар бөмбөгдөөд өнгөрдөг. Уг нь энэ өдөр баярлахаасаа илүүтэйгээр хүүхдүүдийн хэрхэн зөрчигдөж байна, түүнийг хэрхэн хамгаалахад анхаарч ажил хэрэг болгох өдөр юм.

2018 оны сүүлийн таван сарын байдлаар 344 хүүхэд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан тоон мэдээлэл байна. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар буурсан тоон үзүүлэлт. Өөрөөр хэлбэл  цагдаагийн ерөнхий газраас хэд хэдэн том үйл ажиллагаа явуулсны үр дүнд хүүхдийн холбогдсон гэмт хэрэг 30% буурлаа гэх эерэг үзүүлэлт гарсан байна.

Энэхүү цаг үед хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхлэх, цахим орчинд донтох, гэр бүлийн орчинд болон цэцэрлэг, сургууль, асран хүмүүжүүлэх газар, сургуулийн дотуур байр, ажлын байр, гудамж талбайд бие махбод, сэтгэл санааны, бэлгийн болон үл хайхрах хүчирхийлэлд маш их өртөж байна. Үүнийг дан ганц хууль эрх зүйн орчныг сайжруулах нь хангалтгүй бөгөөд хүүхэд, насанд хүрэгчид, үүрэг хүлээгчдийн мэдлэг,ойлголтыг нэмэгдүүлэх, зөв дадал хэвшүүлэх шаардлагатай тухай Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээлсэн юм.

Хүний эрхийн Комиссоос хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох КАП1 судалгааг Улаанбаатар хотын 7 дүүрэг, 8 аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамааруулан судалгааг хийсэн байна. Мөн хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээдээр дээд ангийн хүүхэд 47.6%, хойд аав, ээж 38.6%, үе тэнгийнхэн 38.4%, багш 15% эцэг эх, асран хамгаалагч 12.4% тус тус байна.

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хууль, эрх зүй хамтын ажиллагааны дарга А.Энхбаатарын мэдээлснээр: “2018 оны эхний гурван  сарын байдлаар 108 лавлах утсанд ирсэн дуудлагуудаас 421 сэтгэл санааны хүчирхийлэл, 230 биед нь халдсан, 59 бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл ирсэн.

Манай байгууллагаас хүүхдийг эрсдэлээс хамгаалах даатгалтай болгох талаар ажиллаж байна. Юуны өмнө  даатгалын газруудтай хамтран ажиллаж байна.  Орон 1613 баг, нийслэлийн 1504 хэсгийн ахлагч нарыг сургаж, тус газарт харьяалагдаж буй хүүхдүүдийн мэдээллийг авч, төрийн хамгаалалт хэрэгтэй, гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүдийг даатгалд хамруулна. Ингэснээр бид тухайн хүүхэд хэрвээ гэмт хэргийн хохирогч болох юм бол хамтарсан багийн ажиллагаа, нөхөн сэргээх эмчилгээг 100 хувь  үзүүлэх боломжтой болж байгаа юм. Өмнө нь хамтарсан багийн үйл ажиллагаа, тухайн хохирсон хүүхдийн нөхөн эмчилгээ зэрэгт ихэвчлэн 100 000 төгрөг төсөвлөдөг байсан. Гэвч энэ мөнгө нь хүрдэггүй хүндрэл их гардаг. Харин одоо “Хүүхдийн даатгал”-тай болсноор хохирогч хүүхдүүдэд хэрэгтэй бүх үйлчилгээний зардлыг тухайн даатгуулсан даатгалын компаниас өгөх юм.”

Өөрөөр хэлбэл бид эрх нь зөрчигдөж болзошгүй болон зөрчигдсөн хүүхдүүдээ хамгаалах боломжтой болж байна. Хүүхдийн даатгалтай болсноор олон эерэг үр дүн гарах болно

Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө төрийн болон ТББ-ууд анхаарал хандуулан ажилласаар байгаа. Эерэг үр дүн үзүүлж байгаа энэ цаг үед илүү үр дүнтэй болоход иргэний таны оролцоо чухал. Тиймээс өдөр бүрийг хүүхдийн баяр гэж бодон тэднийг хүчирхийллээс ангид өсөхөд нь тусалж хүүхдийн эрхийг хэн хэзээ хаана  хэрхэн зөрчиж байгааг цагдаа, ГБХЗХГ, баг хороондоо мэдээлж заншаарай.

Ингэснээр та бид ирээдүй болсон хүүхэд багачуудад ухамсар, ёс зүй хүмүүжлийн том хөрөнгө оруулалт хийж байгаа гэсэн үг юм.