Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадам амжилттай болж өндөрлөжээ. Сүүлийн жилүүдэд манай улсын циркчид тасралтгүйгээр оролцож байгаа энэхүү наадам Италийн Ром хотноо 30-дахь удаагаа зохион байгуулагдсан юм.

“Алтан цирк”  наадамд Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид МУСТА Төгөлдөрсайхан, Энхгэрэл, Алтжин, Шараа, Мөнгөнцэцэг нар урилгаар оролцсон. Авьяаслаг уран бүтээлчид маань Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөн тус наадмын "Гранпри"-г хүртэн өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.

Наадмын 30 жилийн ой тохиож байгаа учраас энэ жил шилдэг уран бүтээлчдийг оролцуулж дөрвөн өдөр хүндэтгэлийн тоглолт хийж мөн Ром хотын төв талбайд Олон улсын циркчдийн парад болж энэхүү арга хэмжээг Ром Пап үзэн сонирхжээ.

Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчидтэй өрсөлдөн "Гранпри" эзэн болсон уран бүтээлчдэдээ уншигчдынхаа өмнөөс баяр хүргээд, амжилт хүсье.

 

Д.Ана