-А.ГАНСҮХ, Д.ЦОГТБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНИЙГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЖЭЭ-

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хүмүүст гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт шүүн таслажээ. Дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар хэргийг даргалж, төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Харин “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Шүүхээс “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлыг “Хувьдаа өөр нэртэй компани байгуулсан. Компанийнхаа дансаар 800 орчим сая төгрөг завшсан” хэмээн буруутгасан байна. Шүүх хуралд хохирогчоор оролцсон Монголын төмөр зам компанийн төлөөллийн зүгээс “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон Ёлд “Ямар нэгэн гомдол байхгүй” гэснийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж 40 сая төгрөгөөр торгосон гэнэ. Төмөр замын гэх тодотголтой дээрх хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаад дуусах шатандаа орж байна. Ер нь бол тэр үеийн ЦЕГ-ын дарга Р.Чингисийн тушаалаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс төмөр замын гэх тодотголтой хэргийг сүр дуулиантайгаар шалгаж эхэлсэн байдаг.

Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ, Х.БАТТУЛГА, А.ГАНСҮХ НАРЫГ ШАЛГАСАН НЬ

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж байсан. Түүнийг Зайсан дахь хорих ангид хорьсон байдаг. Б.Батзаяаг “Ухаахудаг-Гашуунсухайт”-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Өмнө нь "Ухаахудаг- Гашуунсухайт"-ын чиглэлийн 267 км төмөр замыг “Энержи ресурс” компани хувийн хөрөнгөөр барихаар төлөвлөж байсан. Гэвч тухайн үед Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас "Энержи ресурс" компанийн төмөр зам барих эрхийг цуцалж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн билээ. Улмаар "Монголын төмөр зам" ТӨХК компани ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” ,”SCTEM” компаниудыг сонгон гурвалсан гэрээ хийж, 267 км төмөр замыг бариулах шийдвэрийг гаргасан байдаг. Б.Батзаяа нарт холбогдох хэрэгт “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон. Гэвч “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар гадаадын улс орон руу оргон зайлсан. Улмаар тэднийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Тэд ч хилийн чинадаас “Энэ хэргийн үнэн зөв олдсон цагт Монголд очиж хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгнө” хэмээн мэдэгдэж байсан. Дээрх хэрэг улам бүр цар хүрээгээ тэлж Х.Баттулга, А.Гансүх нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ноцтой мэдээлэл шил дараалан гарч байв. Тухайлбал, компаниа тендергүйгээр шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.доллар олгох эрхийг хэн нь өгөв, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан байж болзошгүй гэцгээж байв.

2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан түүхтэй. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх”, Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг аж. Тухайн үед ТӨХ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан. Х.Баттулга, А.Гансүх хоёрыг шалгаж буй үндсэн баримт бол энэхүү 91 дүгээр хамтарсан тушаал хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр онцолж байсан. Мөн “Energy Resourse” ХХК-ийн 2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамтай гэрээ байгуулахаар тохиролцсон албан захидлыг үндэслэн гэрээ байгуулагдсан гэж танилцуулан Засгийн газраас тогтоол гаргуулан, “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж байв. Түүнчлэн 2013 оны тавдугаар сарын 1-нд Монголын төмөр зам ТӨХК хуулийн зөвлөх үйлчилгээний гэрээг 4.5 сая ам.доллараар байгуулахаар тогтсон ч санхүүжилт олгохдоо 6.1 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй хэмээн буруутгаж байсан юм.

БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛД ЦАГДАА НАР НЭГЖЛЭГ ХИЙЖ, Х.БАТТУЛГЫН ТУСЛАХУУДЫГ ХОРИВ

Цагдаа нар 2016 онд гуравдугаар сард Баянгол зочид буудалд нэгжлэг хийж, нийгэм даяар шуугиан тарьсан. “Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэдээлэл улс орон даяар цацагдаж, УИХ-ын гишүүдээс эхлээд жүдо бөхийн тамирчид, сүмо бөхийн аварга Д.Дагвадорж, "Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатар нар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамгаалж, Баянгол зочид буудал руу цагдаа нарыг оруулахгүй гэж эсэргүүцэж байлаа. Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан, “Түмэн хишигтэн” ХХК-ийн захирал Ш.Эрдэнэтуяа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед нь туслах нь байсан Г.Түвшинжаргал гэх жирэмсэн бүсгүйг тэр үеэр мөн баривчилсан. Тухайн үед “Г.Түвшинжаргалыг онц их хэмжээний мөнгө завшсан, угаасан хэрэгт буруутгаж байна. Түүнийг 32 мянган га газарт хийгдсэн ажлыг 3500 га хэмээн хасч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн, мөнгө завшсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн 148.4, 166.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж байна” хэмээн АТГ-аас мэдэгдэж байсан.

ГУРВАН ЖИЛ ГАРУЙ ШАЛГАСАН ХЭРЭГ ХЭРХЭН ШИЙДЭГДСЭН БЭ

Төмөр замын гэх хэргийг АТГ-аас гурван жилийн хугацаанд шалгасан байдаг. Дээрх хэргийн талаар Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан. Тэрбээр“Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож, Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуунсухайт Ухаахудаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгэрэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин дээрх хэрэгт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болох шийдвэр гарсны дараа Зам, тээврийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А.Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргасан юм.

Ч.ГАНБАТ, П.БАТ-ЭРДЭНЭ НАРЫГ ИНТЕРПОЛООР ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСНЫГ ЗОГСООЖЭЭ

Төсвийн их хэмжээний мөнгийг угаасан хэрэгт сэжиглэгдсэн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг эрхэлж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн интерполоор эрэн сурвалжилсан. Тэднийг их хэмжээний мөнгө шамшигдуулан оргон зайлсан хэрэгт буруутгаж байв. “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ АНУ-д амьдарч байгаа. АНУ-ын тал интерполоор эрэн сурвалжлагдаж буй Ч.Ганбатыг баривчилахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн гэдгээ Монголын хуулийн байгууллагынханд илэрхийлсэн байдаг. Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухай зарим эх сурвалж мэдээлсэн юм. Тэгвэл тэднийг интеполоор олон улс даяар эрэн сурвалжлахыг зогсоожээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжилж байсныг зогсоосон. Хаанаас хэн эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоосон гэдэг нь тодорхойгүй байгаа. Ямар ч байсан интерполоор эрэн сурвалжилж байсныг зогсоосон байна лээ” гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин