Соёл спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил ажлаасаа Ц.Оюунгэрэл сайдын тушаалаар халагдсан гэх мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор тэрбээр хэвлэлийн бага хурал хийсэн юм.

 Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сард зохиогдсон "Улаанбаатар" олон улсын кино наадмын төсвөөс хумслан мөнгө идсэн, одоогийн албанд шударга бусаар томилогдсон тухай яриа гарах болсон.

Энэ талаар Н.Оргил: "Энэ бол хэсэг хүмүүсийн явуулга. Би одоогоор ажлаа өгөөгүй байгаа. 2013 оны аравдугаар сарын 2-нд Төрийн албаны зөвлөлийн шалгалтад ороод тэнцсэн. Хангалттай оноо авсан учраас 10 оноотой нэг шалгалтыг алгассан юм. Тэр үед томоохон арга хэмжээ давхацсан учир Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Н.Энхтүвшинтэй зөвшилцөж өндөр оноотой байгаа учир хангалттай тэнцэнэ гэж үзсэн.

"Улаанбаатар" олон улсын кино наадмын хувьд нээлтийг нь монгол киногоор эхлүүлэх ёстой байсан. Тиймээс сонгон шалгаруулалт зарлахад хувийн студийн захирал, томоохон пи-арчин хүний бүтээсэн кино, нөгөө нь Ч.Хоролдорж найруулагчийн "Шарга даага" гэсэн хоёр кино ирсэн. Наадмын комисс "Шарга даага" киног дуу нэгтэйгээр сонгосон" гэлээ. Түүнчлэн "Яамны ажлыг хэсэг хүмүүс төрөл төрөгсдөөрөө нийлж бусниулж байна. Дэвшүүлсэн шинэ санаа, ажлыг минь үргэлж няцаадаг учир цаашид ажлаа үргэлжлүүлэх боломжгүй” гэлээ.

Энэ үеэр түүнээс зарим асуултанд хариулт авснаа хүргэе.

-Таныг төсвийн мөнгийг хувьдаа завшиж, найз нөхөдтэйгээ нийлэн идсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?

-Харин тийм. Өнгөрөгч оны 8, 9 дүгээр сараас эхлээд "National Geographic"-ийн төсөл 1,5 тэрбум төгрөг найз нартайгаа хувааж идсэн. Олон улсын "Улаанбаатар" кино наадмын 250 саяын төсөвлөсөн мөнгийг 450 болгож идсэн зэрэг миний тухай сайхан гүтгэлгүүд гарч эхэлсэн байгаа.  Миний хувьд "National Geographic"-ийн төслийн багийнхныг танихгүй. Харин менежер нь гэж нэг залуу над руу утасдаад "Бид тантай ямар ч холбоогүй гэдгээ олон нийтэд мэдээлнэ. Мөн сэтгүүлийнхээ нэр төрийг сэргээнэ" гэж хэлсэн. Тэгээд ч "National Geographic"-ийн төсөл чинь Аялал жуучлалын газартай холбоотой ш дээ.

Харин "Улаанбаатар" олон улсын кино наадмын хувьд Монголын кино урлагийг дэлхийд таниулья гэдэг зорилготой хийсэн томоохон үйл ажиллагаа болохоор 250 сая төгрөг төсөвлөсөн байсан. Гэвч бидэнд 150 сая орчим төгрөг л олдсон юм. Харин Францын элчин сайдын яам зэрэг байгууллага дэмжиж хамтарч ажилласан болохоор гаднаас ирсэн 20 гаруй орны уран бүтээлчдийг оройн хоолонд оруулах гэх мэтээр бидэнд туслаж байсан. Миний хувьд энэ ажлыг жил гаруйн хугацаанд хийхдээ Төрийн ажлыг сайн хийе, Соёл урлагийг өөр түвшинд аваачих ёстой гэсэн зорилго байснаас өөр ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. Анх орж ирэхдээ ч би ашиг сонирхлын зөрчилгүй байсан, миний хөрөнгө орлогын мэдүүлгийг харсан ч болно. Надад төсвийн хөрөнгөөс идэж ууж нэмэрлээд байхааргүй жаахан юм байгаа шүү. Ер нь намайг АТГ гээд хаана ч хандаж шалгуулсан болно. Би цэв цэвэрхэн хүн.

-Та дотроосоо миний ажиллах нөхцөлд саад хийж байна гэж түрүүн ярьсан?

-Би тэгж таамаглаж байна. Миний хэрэгжүүлсэн сумын соёлын төвийн кино театртай болгох ажил  яам, Засгийн газрын шилдэг ажлаар шалгарсан. 20 сумын соёлын төвд тоног төхөөрөмжийг нь суулгаад, суваг түрээслэх гэрээгээ хийгээд 2014 он гаргаад ажиллуулж эхлэх гэж байтал хүмүүс унагаж эхэлсэн. Энэ бол яаман дотроосоо байсан. Танил талдаа энэ ажлыг өгсөн юм. Тэгэхээр би хэлж ярьж эхэлтэл  надад дургүйцсэн. Ер нь би нэг яаманд танил тал найз нөхдөөрөө бүгээд улсын мөнгө иддэгтэй эвлэрэхгүй шууд хэлнэ.

-Олон улсын кино үйлдвэртэй болно гэж байсан?

-Би олон улсын кино үйлдвэртэй байх буюу кино үйлдвэрийн ажил, киноны тухай хуулийг санаачлан ажиллаж байсан юм. Киноны хуультай болж байж л  Солонгос киног зогсооно. Тэгэхээр монгол кино хийх үйлдвэрүүд бидэнд хэрэгтэй болно. Дэлхийн хэмжээний кино үйлдвэртэй болчихвол гадныхан ирж манайд зураг авна. Энэ бол маш том бизнес. Ингээд харахад миний хийж байгаа ажлууд бүгд зөв юм шиг харагдаад Төр засаг нь дэмжээд байх юм. Гэтэл яагаад дотроосоо зохион байгуулалттайгаар ийм ажил яваад байгааг мэдэхгүй байна. Төрийн албыг төрлийн алба болгосон хүмүүс байдаг юм байна.

Тэрбээр яамнаас гарах бодолтой байгаагаа хэлсэн юм. Гарах болсон шалтгаан нь дээр дурдсан зүйлүүдээс болж ажиллах ямар ч нөхцөл бүрдэхгүй байгаа гэв. Хамгийн гол нь би ажлаас гарах гэж байгаадаа огтхон ч харамсахгүй байна хэмээн онцоллоо. 

Х.Даваа