Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах нөхцөлийг үе үеийн Улсын Их Хурал бүрдүүлэхээр ажиллаж ирсэн. Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсэний дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан байна.

Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хуралдааны дэг зөрчиж, үг хэлэх эрхээ хасуулсан гишүүн дэгийг дахин зөрчвөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуралдааны танхимаас гаргахаар шийдвэрлэх, хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлж байгаа гишүүнийг сануулах, сануулгыг зөрчвөл үг хэлэх хугацааг дуусгавар болгох, гишүүний хуралдаанд оролцсон ирцийг сар бүр олон нийтэд мэдээлж байх, хуралдаанд оролцоогүй цагийн хугацаанаас хамаарч гишүүний бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгож, эгүүлэн татах асуудлыг оруулах зэргээр хариуцлагын заалтыг тусгана. Мөн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал тавихад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглахаар тусгажээ.

Мөн Улсын Их Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагдаагүй зарим асуудлыг, тухайлбал Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэг, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх журам, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босгыг тогтоох, нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэх дэгийг журмыг тодруулах зэрэг асуудлыг тусгасан аж.

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Энэ хүрээнд тус хуулинд дараах өөрчлөлт орно.

·         “6.6.7.гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд хоцорсон, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй цагийн нийлбэр нь тухайн ээлжит чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдсан нийт хугацааны гуравны нэгээс хэтэрсэн.”

·          “6.17.Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш удаа оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй.”

·          “6.18.Гишүүн Байнгын хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3-аас дээш удаа оролцоогүй бол түүнийг тухайн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргана.”

·          “37.1.11.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг илтэд санаатайгаар гүтгэж, доромжлох.”

·         “39.1.16.гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;”

·         2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсгийн “Ерөнхий шүүгч” гэсний дараа “Улсын Их Хурлын дэд дарга” гэж нэмсүгэй.

·         3 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, мөн зүйлийн 6.15 дахь хэсгийн “6.6.5, 6.6.6-д” гэснийг “6.6.5, 6.6.6, 6.6.7-д” гэж, 39 дүгээр зүйлийн 39.1.16 дахь заалтын дугаарыг 39.1.17 гэж тус тус өөрчилсүгэй.

·         4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Хуулийн төслийг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Улмаар гишүүд өөрсдөдөө хариуцлага хүлээлгэдэг болохыг эцсийн байдлаар шийдвэрлэх бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.