Э.Нэргүй гэгч Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/335 дугаар тушаалаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 350 дугаар ангид тэсэлгээчнээр томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 03-наас 10-ны өдрүүдэд ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа тасалсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн цэргийн анги, байгууллага алба хааж байгаа газраа дур мэдэн орхин явж цэргийн албанаас оргон зайлсан байна.

Тэрбээр энэ талаараа шүүхийн хэлэлцүүлэгт “...2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ахлагчийн сургуульд орсон. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Жанжин штабын тушаалаар 350 дугаар ангид томилогдон очсон. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ар гэрт гачигдал гарсан. Даргаас “чөлөө авъя” гэхэд хээрийн бэлтгэл эхэлсэн тул чөлөө өгөөгүй. Дарга Эрдэнэбаяр надад сүүлд 10 хоногийн чөлөө өгсөн байсан. Ээж “зүрх томролт” гэсэн өвчтэй байсан тул ээжийг 3 дугаар эмнэлэгт сахисан. Би шилжих өргөдлөө өгсний дараа надад ямар нэгэн албан бичиг ирээгүй...” гэжээ.

Түүний талаар хамт ажилладаг Ц.Эрдэнэбат мөрдөн байцаалтын шатанд “...Э.Нэргүй нь 2018 оны 07 дугаар сарын 05-наас 07 дугаар сарын 13-ны өдөр, 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд ажил тасласан. Дараа нь ажил таслахгүй гэж амлалт бичиж өгч байсан. Тэгээд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа ирээгүй. Ар гэрийн гачигдлын улмаас 10 хоногийн чөлөө албан ёсоор өгсөн. Цэргийн дүрэм, дотоод албаны дүрэм, ахлагчийн алба хаах журамд зааснаар халагдах тохиолдолд өөрийн биеэр ирж өргөдлөө гараар бичиж 1 сарын өмнө өгсөн байх ёстой. Гэтэл өргөдөл бичиж өгөөгүй ажлаа тасласнаас хойш 3 сарын дараа шилжих тухай өргөдлөө бичиж өгснийг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн. Ажилдаа ир гэж удаа дараа хэлсэн боловч ирээгүй...” гэж мэдүүлж байв.

Э.Нэргүй нь Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс торгууд, бүрэн дунд боловсролтой, “Буудагч” мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ Зэвсэгт хүчний 350 дугаар ангид мотобуудлагын салаанд буудагч ажилладаг байсан аж.

Тэгвэл Э.Нэргүйн оргон зайлсан үйлдэлд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялын санал гаргасан бөгөөд анхан шатны шүүх энэ нь  хууль зүйн шаардлагад нийцсэн гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл Э.Нэргүйг цэргийн алба хаагч цэргийн байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж, цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Э.Нэргүйг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Э.Нэргүйд даалгасан байна.

А.Баярмаа