Тэд бол Канадад өөрсдийн хүсэлтээр хамт нойрсохыг сонгосон цөөн хосуудын нэг юм.

Жорж, Ширли Брикенден нар өөрсдийн хайрын түүхийг ярьсан нь яг л нэг зохиолд баймаар сайхан зүйл байсан юм. Тэд хамтдаа 70 гаруй жилийг өнгөрүүлсэн гайхамшигтай хос билээ. Энэхүү нийтлэлийг "The Globe and The Mail"-ийн Келли Грант бичсэн юм.

1944 онд Галифакст зул сар болж байв. Жорж тэр үед тэнгисийн цэрэг, Ширли агаарын хүчинд зүтгэдэг байв. Жорж Брикендений ээж тэднийг бүр эртнээс л хамт байлгахыг оролддог байсан ч аль аль нь уулзахаас зугтдаг байжээ.

Тэдний хуримын зураг.

95 настай Жорж тухайн үеийн тухай дурсахдаа, "Түүнд гаргах зав надад байхгүй ээ. Би хэд хэдэн болзоотой байгаа гэж ээждээ хэлж байсан юм" гэсэн байна. Харин энэ түүхийг хэдийн сонсож байсан үр хүүхдүүд нь инээмсэглэл дүүрэн сонсон суух аж. 94 настай Ширли харин, "Би өөр хүнтэй сүй тавьчихсан байсан шүү дээ" хэмээн дурсав.

Уг ярилцлагыг өгснөөс хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-нд тэд орон дээрээ гар гараасаа атгалцан мөнх бусыг үзүүлсэн юм. Орных нь дэргэд сууж байсан хүүхдүүд нь харин тэднийг эцсийн амьсгалаа яг нэг мөчид хураахыг үзсэн гэдэг. Тэд 73 жил хамт амьдарсан юм. Тэд бол өөрсдийн хүсэлтээр хамт нойрсохыг сонгосон цөөн хосуудын нэг.

Тэд Торонто дахь гэртээ.

Тэдний энэхүү сонголтыг хүндэтгэн үзсэн үр хүүхдүүд нь тэдэнтэй салах ёс хийхээр алс холын Вьетнам, Норвеги, Шотланд, Швейцари зэрэг улсуудаас хүрэлцэн ирсэн юм.

"Маш олон жилийн өмнө бид хайрладаг хүмүүс минь гайхалтай нэгнээс танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөн, орон дээр хэвтэж, зүрх зүсэм дуу чимээ гаргаж байгааг харж байсан. Тэгээд бид хэрэв төгсгөл ойртож буйг мэдрэх л юм бол хамтдаа зориглон хийх болно гэж шийдсэн юм" хэмээн Ширли өгүүлжээ.

Нойрсуулах уг аргыг зайлшгүй үхэл ирэх нь тодорхой болсон өвчтөнд зөвшөөрдөг ба хатагтай Ширли зүрх болон үений үрэвслээр шаналж байжээ. Ширли 2016 онд зүрхний шигдээсээр шаналж байх үедээ мэс засалд орж, тэр үедээ бараг л амиа алдах шахаж байж.

Үүнээс үүдэн эмч нар түүний нөхцөл байдлыг харгалзан үзээд нойрсуулах аргыг зөвшөөрсөн байна. Харин Жорж Брикендений хувьд эмч нар хоёр хуваагдсан аж. Түүнийг ямар нэгэн аминд халтай өвчлөлгүй тул зөвшөөрч болохгүй гэсэн дүгнэлт гараад байсан юм.

"Мэдээж би түүнгүйгээр энэ дэлхийг орхиж чадахгүй. Би үнэхээр чадахгүй гэдгээ мэдэрч байсан. Бид хүлээгээд л, хүлээгээд л, хүлээгээд л байхаас өөр аргагүй байсан. Гэтэл гэнэтхэн түүний бие зориудаар ч юм шиг муудаж эхэлсэн" гэж Ширли ярилцлагадаа дурдахдаа инээсэн байна.

Жорж үе үе ухаан алдах болж, 95 насныхаа төрсөн өдрөөр угаалгын өрөөндөө ухаан алдсан байхыг охин нь олсон байна. Жорж Брикендений зүрхний хэм алдагдах болж, энэ үед Ширлигийн хөл хоёр газраа хугарч, өвчнөөс болон шаналж байв.

 

Эмч нарыг зөвшөөрөх хүртэл Ширли, Жорж хоёр хэдэн жилийн турш хүлээх хэрэгтэй болсон.

Энэ үед тэд нэг нь нөгөөгөөсөө түрүүлэн нас барах вий гэж санаа зовж байсан болов уу?

Ширли үүнд, "Өдөр болгон..." хэмээн хариулсан байдаг.

Дэлхий дээр амьдрах тавхан хоног үлдсэн гэхэд тэдэнд ямар санагдаж байсан бол?

"Тэгэхээр... Би цочирдсон. Чамд ямар санагдаж байна, хонгор минь?" гэж Ширлиг асуухад, Жон "Сайхан байна" гэж хариулан, хүүхдүүд нь ч, өөрсдөө ч инээд хөөр болцгоожээ.

"Үнэндээ ямар ч айдас байхгүй байгаа нь л намайг цочирдуулсан юм."

Тэд амьсгал хураах хүртлээ гар гараасаа атгалцаж байв.

Тэд маш сайхан хувцасласан байв. Жорж цагаан цамц, зангиа, сургуулийн сурагч шиг л цэмцгэр хувцасласан байсан бол Ширли хар өнгийн сайхан даашинз өмсөж, уруулаа будан, хумсаа сайхан янзлуулсан байв.

Тэд үр хүүхдүүдийнхээ хамтаар түүх хуучилж, инээд хөөрөөр бялхан аз жаргалтай байцгаасан юм. Нас барахаасаа хоёр хоногийн өмнө тэд Торонтод байрлах өөрсдийн дуртай зоогийн газар болох "Opus"-т очицгоожээ. Дараа өдөр нь гэр бүлийн 20 гаруй гишүүнээрээ охин Памелагийнхаа гэрт оройн зоог барьцгаав. Энэ бол тэдний сайхан амьдралыг хүндэтгэн тэмдэглэж буй үйл явдал гэдгийг ч охин нь хэлсэн байна.

Тэд уг үйл явдлыг өөрсдийн сайхан амьдралыг тэмдэглэж буйнх хэмээн хэлсэн байдаг. Тэд гэр бүлээрээ, өнөр олуулаа байж, цагийг гайхалтай сайхан өнгөрүүлсэн юм.

Ноён, хатагтай Брикенден нойрсохоосоо өмнө хамтдаа сайхан зоог барьж, оргилуун дарс шимжээ. Оройн 19 цаг өнгөрөх үед Ширли нөхрийнхөө зүг харж, "Чи бэлэн үү?" гэж асуухад Жорж, "Чи бэлэн бол би бэлэн" гэж хариулжээ.

Унтлагын өрөөнд орж гар гараасаа атгалцан хэвтэх мөчид эмч нар тэдэнд ойртон нойрсуулахад бэлэн болж. Өрөө Моцарт, Бах, Шотландын ардын дуу хөгжмөөр дүүрч, энэ мөчид залбирал үйлдэгдэж байв. Охин Анжела нь ээжийнхээ хөлийг илж, Памела харин аавынхаа хөлөн дээр гараа тавьсан байв. Тэд нэг нэгэн рүүгээ харан инээмсэглэж, дараа нь Жорж хүүхдүүдийнхээ зүг харж, "Би та нартаа бүгдэд нь хайртай" хэмээн хэлсэн нь түүний сүүлчийн үг байжээ.