Энэ жил хүүхэд багачуудад их ээлгүй хатуу жил бололтой. Хүүхэдтэй холбоотой таагүй хэрэг гарсаар байна. Өнгөрсөн хоногуудад гэхэд хэд хэдэн харамсалтай хэрэг гарав. Жишээлбэл, тоглож яваад, тогонд цохиулж амиа алдах, усанд живж амиа алдсан гэх мэт.



Тэгвэл бас нэг хүүхэд тогонд цохиулжээ. Тодруулбал, хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглож явсан охин тогонд цохиулсан харамсалтай хэрэг гарчээ.


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дагуух гэрлийн шонгийн хажуугаар гүйсэн 12 орчим насны охин тогонд цохиулж шидэгджээ. Учраа олохгүй айж сандарсан хүмүүсийн дотор анхан шатны тусламж үзүүлсэн эмэгтэй охины амийг аварчээ. Тэрбээр охинд хиймэл амьсгал хийж, зүрхний массаж хийсний дараа охин ухаан орсон гэнэ. Энэхүү явдлыг харсан зарим хүмүүс айж шоконд орсон талаар ч эх сурвалж хэллээ.

Ил задгай цахилгааны утас ухсан нүх онгорхой траншей зэрэг эрсдэлтэй зүйлсийг бүх тасаг нэгжийн хэмжээнд сайтар шалгаж харж байж янзлуулахгүй бол хойрго ажилдаа хайхрамжгүй ханддаг иргэд албан байгууллагаас шалтгаалсан золгүй ослуудын тоо буурахгүй бололтой. Тиймээс ил задгай, цахилгааны утас гарсан байвал холбогдох газруудад нь хандаж таглуулж, аюулгүй болгуулахыг анхааруулж байна.

Эх сурвалж :Өдрийн сонин