Баргил хоолой болон өвөрмөц эршүүд төрхөөрөө олон үзэгчийн танил болсон жүжигчин Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” хэмээх нэртэй кинонд Монгол хааны дүр бүтээн кино зураг авалтаа эхэлжээ.

Адал явдалт энэхүү кинонд манай улсын жүжигчинээс гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нар дүр бүтээж байгаа аж.

Адал явдалт уг кино нь 110 минут үргэлжлэх бөгөөд киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай үйл явдалыг өгүүлэх аж.

“The rising Hawk” кино 2019 онд Украинд нээлтээ хийхээр төлөвлөжээ.