Цахилгаан машинаар анх удаа ОХУ-аас Латви, Литва, Монгол, БНХАУ, БНСУ-аар дамжин Япон хүртэл 7 орноор аялж яваа Польшийн аялагч, туйл судлаач Марек Каменский Монголд ирээд байна.

Түүний аялал автомашинтай хийдэг бусад аяллаас өөрийн гэсэн 2-3 онцлогтой. Нэгд, цахилгаан машинаар аялж буй эко аялал юм. Дээр нь зардал багатай аялал. Мөн цахилгаан машиныг анх удаагаа холын замд туршиж буй гээд давуу тал, ач холбогдол нэлээд байгаа талаараа МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурал дээр тодотгож байв.

-Цахилгаан машинаар аялахад ямар давуу тал болон бэрхшээл гарч байна вэ? Жишээ нь цэнэглэлтээ яаж хийж байна, нэг цэнэглэлтээр хичнээн км замыг туулдаг вэ?

-Бэрхшээл гэхээс илүү давуу тал их гарч байна. Европт цахилгаан цэнэглэлтийн станцууд их болсон. Танай улсад ч байгуулж байна. Тиймээс энэ тал дээр санаа зовох юмгүй аялж байна. Цэнэглэх станц байхгүй газар зочид буудал юм уу энгийн өрөөнөөс тусгай холбогчоор машинаа цэнэглэдэг. Нэг удаагийн цэнэглэлтээр 300 км явдаг. Өчигдөр Монголд орж ирээд Улаанбаатар нэлээд дөхөж ирсэн байхад машинд маань 20 км явах цахилгаан үлдсэн байсныг өглөө зочид буудалдаа цэнэглэсэн, одоо  БНХАУ-ын хил хүртэл 600 км явах боломжтой. Цахилгаан машиныг ердийн залгуурт залгаж цэнэглэхэд 10-15 цаг ордог. Харин зориулалтын цэнэглэх станцид нэг цаг цэнэглэдэг.

-Таны аяллыг “Ниссан моторс” компани ивээн тэтгэж хариуцаж байгаа гэсэн? 

-Тиймээ, тэгэж хэлж болно. Гэхдээ бүх зардлыг биш, зөвхөн машиныг 2 жилийн хугацаагаар өгсөн. Бусад зардлаа би өөрөө гаргаж яваа. Аяллын маань зорилго байгаль орчинд ээлтэй цахилгаан  машинаар явж байгаад оршино. Хог, утаа гаргахгүй. Тиймээс би аяллаа “Ул мөр үлдээхгүй аялал” гэж нэрлэсэн. Дэлхийн олон улс оронд нэвтэрч эхлээд буй цахилгаан машиныг одоохондоо хүмүүс хот дотор л унадаг гэсэн ойлголттой байгааг нэг ёсондоо эвдэхийг хичээж холын аялалд гарсан юм. Нөгөө талаар байгаль дэлхийгээ танин мэдэж хайрлан хамгаалах зорилгоор судалгаа хийж яваа.

-Таныг өмнөд, хойд туйлд очиход дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай нөлөөлөл хэр мэдрэгдэж байна? 

-Мөсний хэмжээ зузаан биш, нимгэрсэн юм шиг харагдаж мэдэрсэн шүү. Зөвхөн туйл гэлтгүй. Дэлхийн бусад бүс нутагт өндөр уулын цас нимгэрч байна.

 

Б.Болд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг