Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2018.07.10/ Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдоор эхэллээ.

Хязаалан насны морьдын уралдаан 08.00-11.00 цагийн хооронд болж, энэ жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангууд тодорлоо. Хязаалан насны морьд 17 км уралдсан.  Энэ насанд 345 үрээ бүртгүүлснээс 270 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны бор үрээ түрүүлж, аман хүзүүнд Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн, айргийн гуравт  Дамдин Ядамын бор, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Их хэт сумын уяач Зоригтбаатарын хүрэн, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр хурдлав.

Энэ жил Хүй долоон худагт наадамчин олны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наасан аж. Дашрамд, маргааш буюу долдугаар сарын 11-нд азарга, их нас, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдаж, улсын их баяр наадмын хурдан ажнай шандаст хүлгүүд Хүй долоон худагт тодрох юм.