Хоёр иргэнийг гөрөөстэй андуурч буудсан этгээдүүдэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэнтий аймгийн Дадал суманд энэ сарын 8-ны өдрийн 23.30 цагийн үед  мотоцикльтой гол гаталж явсан иргэд рүү гал нээн шархадуулснаар нэг нь амиа алдаж, нөгөө нь хэвлийн тус газартаа хүнд шархадсан юм.

Хэргийг үйлдсэн сэжигтэн 47 настай О, 37 настай С нар нь байцаалт өгөхдөө “Гөрөөс агнахаар явж байсан. Гол гаталж гарч ирсэн мотоцикльтой иргэдийг гөрөөстэй андуурч гал нээсэн” гэж мэдүүлсэн байдаг.  Тэднийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10 дугаар бүлгийн 10-ын 1-д зааснаар бусдын амь насанд халдсан хэрэгт буруутгахаас гадна хориотой ан хийх гэж оролдсон, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан эсэхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.