Манай төрийн ажил нэг л болохгүй байна. "Цэргүүдийн царай уравгар байна даа" гэдэг шиг. Шинэ Засгийн газар сайхан юм сэдэх л юм. Даан ч тэр нь хэрэгжих болохоор заавал нэг юмтай тулгарчихдаг болов. Тэгэхээр болохгүй л байна гэсэн үг.

Жишээ нь, нийслэлийн шинэ удирдлага автомашины дугаараар хязгаарлалт хийсэн чинь одоо жолооч нар явдаггүй нэг өдрөө тооцоод татвараа бууруул хэмээн шаардах болов.

Үүгээр зогсохгүй, дугаарын хязгаарлалт их хотын хөдөлгөөнд сайнаар нөлөөлж буй ч одоо хүмүүс солбиж унах хоёр унаатай болцгоож байгаа гэнэ. Энэ нь эргээд түгжрэлийг ихэсгэх сөрөг нөлөө авчирах нь.

Мэдээж ш дээ, өмнө нь нэг машинтай байсан айл хоёртой болохоор чинь Улаанбаатарын унаа төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Энэ мэтээр дарга нарын сайхан санаа бүхий ажлууд нэг л урагшлахгүй байна. Юундаа байна вэ?

Онош нь одооноос тодорхой болж ирж байна. Юу гэвэл амьдралын дунд ороогүй дарга нар судалгаа хийлгүй албан тасалгаандаа бараг дээшээ харж байгаад ширээнийхээ араас шинэ шийдвэр гаргаж байгаа юм чинь яаж доошоо бууж хэрэгжих вэ дээ...

Энэ бол зөв онош гэдгийг амьдрал өөрөө харуулаад байна... Жич: Саяхан манай сонины редакц руу Дорноговь аймгийн төв Сайншандаас иргэн Д.Улам-Орших утасдаж яг дээрх өлгөцтэй холбоотой гэмээр санал хэлсэн юм.

Тэрээр "Энэ О.Магнай дарга, түүний байгууллага ШӨХТГ-ыг чинь иргэд биднийхээ төлөө овоо юм хийх нь гэтэл гар утасны төлбөрииг секундээр тооцуулах гэсэн биш, бүр биднээс авах төлбөрииг улам их болгочихсон юм биш үү" гэсэн юм.

Шинэ ШӨХТГ ингэж судалгаа үндэслэлгүйгээр юм юм руу үсчиж байхаар гол юмаа барьж ажилламаар байна. Юуны өмнө хүн амын хамгийн эхний аюулгүй байдлын шаардлага болсон хүнсний экспорт, худалдаа, үйлдвэрлэл, түүнийг оруулж ирж буй хил, гааль дээр ажилламаар байна.

Хамаа алга, тэр улсын байцаагчид нартай нь хамтраад хяналт шалгалт биш юм гэхэд Замын-Үүд дээр нэг өдөр ажиллаж амьдралын дунд ормоор юм даа гэсэн юм.

Б.Билгүүн

Эх сурвалж: "Бизнес таймс"