УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжээд байсан билээ.

Тэгвэл энэ хэргийг дэнслэх шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилжээ. Түүний шүүх хурал тодорхой шалтгааны улмаас ирэх наймдугаар сарын 06 хүртэл хойшилсон байна.

Өнөөдрийн хуралд З.Баянсэлэнгэ өөрөө ирээгүй бөгөөд өмгөөлөгч нь ирээд шүүгдэгчдэд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тул ийнхүү хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ.

Хэргийн тухайд З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн шалгасан юм. 

Тодруулбал, З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж дуусаад прокуророос шүүхэд шилжүүлсэн байсан юм.