1900 оноос эхлэн дэлхийн философичдын их хурлууд 5 жил тутам зохиогдсоор эдүгээ 24 дэх нь Бээжин хотноо болох гэж байна. Дэлхийн философичдын их хурлууд ихэнхдээ европ, америк тивийн дэлхийн алдартай их сургуулиуд дээр зохиогдож ирсэн ба азид 2008 онд өмнөд Солонгост болсон. Энэ удаа БНХАУ-д болох  байгаагаараа онцлогтой байна. Өмнө нь АНУ-ын Бостон, Туркийн Истанбул, Грекийн Афины их хурлуудад оролцож илтгэл тавьж байсан философийн шинжлэх ухааны доктор(Sc.D), профессор, Монгол улсын гавьяат багш Д. Дашпүрэв энэ удаагийн их хуралд “Монгол ухаан: Дундад зууны монголын философи” гэсэн илтгэл тавьж оролцох юм.

Профессор Д. Дашпүрэвийн үүсгэн байгуулсан Олон улс судлалын дээд сургууль мөн сургуулийн харьяанд ажилладаг “Философи, Социологи, Политологийн хүрээлэн” дэлхийн философичдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд цаашид өөрийн орны философийн ухааны хөгжилд улам идэвхтэй оролцохоор философийн бие даасан ангийг нээгээд байгаа билээ.

Дэлхийн философичдийн их хурлын дараа Олон улс судлалын дээд сургууль, философи социологи политологийн хүрээлэнгээс эрхлэн зохион байгуулдаг “Монголын философичдын IX симпозиум”-ыг, мөн  ЕБДС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Философийн олимпиад”-ыг дэлхийн философийн холбооны удирдамжийн дагуу жил бүр зохион байгуулдаг болохоор төлөвлөж байна.