Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр тэтгэвэрт гарсан ахмадуудаа сар шинийн баярын өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд дүүргийн Цэргийн хэлтсийн дарга, Засаг дарга, Татварын байцаагч, Хороон засаг дарга,  Хороон зохион байгуулагч, мэргэжилтэн гэх мэт албан тушаал хашиж байсан нийт 50 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн юм.

Тэдний хамгийн ахмад нь 83 настай Б.Пүрэвжав гуай байсан бөгөөд тэрбээр 17-р хорооны Засаг даргаар ажиллаж байжээ. Мөн хамгийн залуу нь 50 настай Р.Норжмаа гуай бөгөөд тэрбээр үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтвэртээ гарсан байна.

Баянгол дүүргээс өнгөрсөн онд өндөр настан, ахмадуудад зориулсан бодлого хөтөлбөрийг боловсруулан ажилласан бөгөөд хороо бүр дээр бүжиг, дуу, шатар, хийн дасгал зэрэг олон клубүүдийг нээн ажиллуулжээ.

Мөн “Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн 3000 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн ахмадын амралтанд нийт 2500 ахмадыг хөнгөлөлттэй нөхцлөөр амраасан байна.

Түүнчлэн ахмадын орон сууцанд ахмадаа хамруулсан нь чухал ажлуудын нэг байлаа. “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 9-ний хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Одоогоор дүүргийн хэмжээнд орон сууцны өргөдөл хүссэн 366 гаруй иргэн байгаа, энэ хөтөлбөрт дүүргийн 30 ахмадыг хамруулжээ.