Олон нийтийн сүлжээ сайт болох фэйсбуукийг ашиглан цахим орчинд хуурамч хаягаар насанд хүрээгүй охидтой харилцаж, тэднийг хуурч мэхлэн нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн шалгаж байгаа талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс мэдээлжээ. 

Саатуулагдсан этгээд нь фэйсбүүкийн “10-16насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлжээ. 

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй 21 настай эрэгтэй аж. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал хандуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг энэхүү мэдээгээр сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.