Монголын арилжааны банкууд шинэ технологи нэвтрүүлж уламжлалт технологи, хуучин арга барилаасаа салах цаг аль хэдийн болсон.

Гэвч тэд шинэ технологи нэвтрүүлэхээс яагаад цааргалаад байна вэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Мэдээж хуучин технологиор үйл ажиллагаагаа явуулсаар байвал хадгаламжийн хүү өндөр түүнийгээ дагаад банкны зээлийн хүү өндөр, буурахгүй, хэрэглэгчдийг чирэгдүүлсэн, салбарын урсгал зардал, банк хоорондын болон гүйлгээний хураамж иргэдийн халаасыг хоосолсон хэвээр үргэлжилж, үйлчлүүлэгчид нь бухимдсаар л байна.

Уг нь банк бүхэн хэрэглэгч “хаан” хэмээн өргөмжлөх хэрнээ яагаад технологийн шинэчлэл хийхгүй байгаагийн шалтгаан нь банкинд энэ байдал нь ашигтай байгаа учраас л тэр. Тэгэхээр шинэ технологи нэвтрүүлж тэдэнтэй өрсөлдөх банк дэлхий даяар даярчлагдаж нэг хэрэглээтэй болж байгаа энэ цаг мөчид хүсэн хүсээгүй нэвтрэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл “үүлэн банк” буюу 24 цаг дэлхийн аль ч өнцөгөөс банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх өндөр технологи юм. Манайд энэ технологийг Монголын “Эм Си Эс” групп Өмнөд Солонгосоос импортлох болсон нь сайшаалтай.

Энэ тухай Өмнөд Солонгосын анхны “зөвхөн интернэт” банк болох К-Ваnк нь “КТ” групптэй хамтран өөрийн технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр болсон мэдээлэл баталж байна. “КТ” (Korea Telecom) групп нь К-Ваnк-ийн 18.01 хувийг эзэмшдэг хамгийн том хувь эзэмшигч нь юм. Тус “КТ” компани анх 1981 оноос харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа эхэлсэн. Улмаар 2009 оны зургадугаар сарын 1-нд “КТ” нь “КТР” гэсэн компанитай нэгдэж “КТ” группийг үүсгэжээ. Харин “К банк”-ыг 2015 онд байгуулсан. Одоогоор Өмнөд Солонгосын хүн амын ихэнх хувь нь тус банкны үйлчилгээг авдаг. Ялангуяа гар утас, интернетийн үйлчилгээг түлхүү хэрэглэдэг тухай “КТ Corporation" сайтад дурьджээ.

Эдгээр компаниуд Монголын зах зээлд интернэт банкны технологи, үйлчилгээгээ Эм Си Эс групптэй хамтран нэвтрүүлэх гэрээг байгуулсан байна. Таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ нь 5.5 тэрбум воны ($4.92 сая) дүнтэй бөгөөд үүний 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх гэнэ. Ингэснээр Эм Си Эс групп нь Монголын зах зээлд анх удаа бодит салбаргүй, зөвхөн интернэт орчинд үйлчилгээгээ хүргэдэг банкийг нээхээр болж байна.  Уг технологиор Монголд байгуулагдах банкийг одоогоор “М Ваnк” гэж нэрлээд байгаа ажээ.  “КТ” групп нь тус банкийг өөрийн зээлийн онооны системтэй (CSS-Credit Scoring System) болоход нь голчлон дэмжлэг үзүүлэх гэнэ.

Манайх шинэ технологи импортолж “М банк” байгууллаа гэхэд зөвлөх үйлчилгээнд ихэнх мөнгөө өгч байгаа тохиолдолд хүү буурна гэхэд эргэлзээтэй аж. Харин эхний удаад монгол дотроо шилжүүлэг хийхэд үнэгүй болох хэрэгтэй. Гэтэл арилжааны банкууд интернет ашигласан үйлчилгээ үзүүлж байгаа хэр нь гүйлгээ бүрээс 300-500 төгрөгийн төлбөр авсаар л байна. Энэ мэдээллийн талаар эдийн засагчдын байр суурыг сонйрхлоо.


Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, эдийн засагч Н.Энхбаяр: ӨРСӨЛДӨӨНИЙГ БИЙ БОЛГОЖ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ


-Ер нь бол шинэ технологи нэвтрүүлж буй нь дэвшил юм. “К банк” Солонгосдоо хүлээн зөвшөөрөгдсөн жигд үйл ажиллагаатай банк. Манайд тус банкны технологиор интернет банк байгуулагдах гэж байгаа бол мэдээж Монголбанкнаас зөвшөөрөл аван үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах ёстой болно. Банк учраас хадгаламж татах нь тодорхой.

Харин салбаргүй гэдгээр арилжааны банкуудаас ялгарч тэр хэрээр урсгал зардал хэмнэгдэж банк хоорондын гүйлгээнд хураамж авахгүй байх магадлалтай.  Дэлхий даяар нэвтэрч буй технологиор банк байгуулагдах нь өрсөлдөөнийг бий болгож банкны зээлийн хүү буурах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь Монголбанк иргэдийн аюулгүй байдал, хамгаалалтад анхаарах хэрэгтэй болох байх.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: ХУРИМТЛАГДАХ МӨНГӨ БАГА УЧРААС ХҮҮ БУУРНА ГЭЖ ХЭЛЭХЭД ЭРТ


-Банк, санхүүгийн салбар шинэ төвшинд гарах нь тодорхой. Интернет банк нь хэдийгээр салбарын урсгал зардал гарахгүй гэж байгаа ч мэдээлэл технологийн зардал тодорхой хэмжээнд гарна. Тэр зардлаа үйлчилгээнээс татах нь мэдээж. Гэхдээ үйл ажилагааны зардал хэмнэгдэнэ гэхээс илүүтэй эхэндээ мөнгө бага хуримтлагдах учраас хүү буурна гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй. Түүнээс биш огт шинэ зүйл биш. Мэдээлэл технологийн салбарт нэвтрээд удаж байна. Гагцхүү цаг хугацаатай өрсөх хэрэггэйг энэ үйл явдал арилжааны банкуудад сануулж байна.

Эдийн засагч Д.Ангар: АПП-ЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙГАА Ч ДОРВИТОЙ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ БОЛЖ ЧАДДАГГҮЙ


-Банк болон санхүүгийн зах зээлд шинэ технологи нэвтэрүүлэх болсон нь цаг хугацаа хэмнэсэн шилдэг арга. Аль хэдийнэ нэвтрүүлэх цаг болсон байсан. Хамгийн гол нь манай банкууд нэвтрүүлэх сонирхол бага. Нөгөө талаар хөрөнгө санхүү, чадварлаг боловсон хүчний хувьд хүч хүрэхгүй байсан нь мэдээж.

Хэдийгээр төрөл бүрийн үйл ажиллагааг хөнгөвчлөх апп-ын үйлчилгээ үзүүлж байгаа ч дорвитой технологийн шинэчлэл болж чадахгүй байна. Солонгосын технологиор банк байгуулагдах бол зээлийн хүү буурахад нөлөөлөх нь тодорхой.

МХҮАҮТ-ын Ерөнхийлөгч, эдийн засагч Д.Лхагважав: БАНКУУД УЛАМЖЛАЛТ ТЕХНОЛОГИО ШИНЭЧЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ТЭДЭНД АШИГТАЙ БАЙНА


-“Үүлэн банк” манайд байгуулагдах цаг аль хэдийнэ болсон. Дэлхий даяар банк, санхүүгийн зах зээлд интернет, мэдээлэл технологийн шинэ эрэн үе эхэлсэн. Ирэх 10-20 жилд банкны салбарт том өөрчлөлт болно. Банкууд үйл ажиллагаагаа улам цомхон болгохын хэрээр мэдээллийн технологийн компаниуд санхүүгийн үилчилгээнд хүч түрэн орж байна. Энэ эргэлтийн үед банкууд инновацийг таатай хүлээн авч, өрсөлдөх шинэ арга барилд суралцах нь амжилтын гол түлхүүр болоод байгаа юм.

Дэлхийн банкууд үүлэн технологи (cloud technology) руу эрчимтэй шилжсэн. Өөрөөр хэлбэл орчин үеийн банкууд улам бүр IT компанитай адилхан болж тэдэнд хүчирхэг тооцоолох төв хэрэгтэй болж байна.

Манай улс 2001 онд татварын хуульд НӨАТ-ыг тооцох машиныг нэвтрүүлэх хуулийг баталсан. Харамсалтай нь нэвтрүүлэхгүй явсаар байгаад 2014 оноос нэвтрүүлсэн. Одоо 88 мянган кассын ПОС машин бүх татварыг бүрдүүлж өгч байна. Хуучин технологиос салахгүй байх тусам шинэ дэвшилтэт бүхнээс хоцорч байна. Тиймээс энэ технологийг нэвтрүүлэх нь банк санхүүгийн хөгжилд том амжилт авчирна. Тиймээс арилжааны банкууд цаг хугацаатай өрсөж технологио шинэчлэхгүй бол “Үүлэн банк”-ны технологид цохигдох нь тодорхой.

Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр