Сүүлийн хэдэн саруудад БНН-ын дарга Б.Жаргалсайхан цахим ертөнцөд ихээхэн идэвхтэй оролцож, өөрийн нэрээр нээсэн фэйсбуук хуудаснаа үзэл бодлоо илэрхийлэх болсон билээ. Тэгвэл энэ удаад тэрбээр Хуримын ордоны талаар ингэж бичив. 

НИТХ-ын дарга С.Амарсайхан "Гэрлэх ёслолын ордонг татан буулгана. Жилд 1,2 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан" хэмээн товхийтэл ярилаа.

Гэрлэх ёслолын ордон хамгийн их эрэлттэй (2-6 сарын өмнө захиалгаа өгдөг, ашиг орлоготой газар шүү) үйлчилгээний байгууллага. Сүртэй зарлага гээд гараад байх зүйлгүй. Нэг бөгж зүүж өглөө, дэвтэр дээр гарын үсэг зуруулаад дуусчихна Улаанбаатар хотоор дүүрэн төрийн өмчит ашиггүй аж ахуйн газрууд, барилгууд байхад Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөө хоёрыг нураах болов. Яагаад ийм шийдвэр гаргав гэхээр "Оюуны-Ундраа" групп домог түүхт, дархан цаазат Зайсан толгойг таллан "Зайсан хилл" гэгчийг барьсан. Тэр барилгын хэдэн давхарт "Гэрлэх ёслолын танхим" байгуулна гэж ярьж байна лээ. Тэгэхээр өөрийн компанийн барьсан асуудалтай барилгыг ашигтай орлоготой болгохын тулд улаанбаатарчуудын залуу нас, хайр дурлалын гэрч, бэлгэ тэмдэг болсон өрсөлдөгч барилгыг нураах нь. Хоёрдугаарт Гэрлэх ёслолын ордон их том цэцэрлэгт хүрээлэнтэй байлаа. Талыг нь шахам П.Очирбатаас эхлээд туусан даа. А зэрэглэлийн үлдсэн газрыг нь хуу хамах нь дээ. Залуу дарга Амарсайхан Зайсан толгойдох бизнесээ ингэж дэмжихгүй ээ. Үүнийгээ болио, ичээ. Туулийн шугуйд барьсан барилгаа ч эргэж хармаар юм билээ зөвлөхөд. Гэрлэх ёслолын ордонгийн талаар цухас өгүүлэхэд "Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор Л.И.Брежнев айлчилахад А.И. Филатова "Монголын залуу хосууд дурсамж үлдээх хуримын ордон барьж өгөөч" гэсэн хүсэлтийн дагуу ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Ардын зураач Д.Амгалан, алдарт сийлбэрч Л.Чуваамид (Мисс Мичидмаагийн аав, Сумьяабазарын хадам гэдгээр ч залуус мэднэ) нар зураг эсхизийг нь гарган барьсан түүхтэй. Оросын барилгачид хүртэл оролцсон урлагын бүтээл болсон Гэрлэх ёслолын ордоноо хайрлаж хамгаалж яв. Төр засгийн өмнөөс залуусаа гэрлүүлдэг газартай байг л дээ. Ямар Оюуны-Ундраагийн нэрийн өмнөөс залуу хосыг батлалтай биш, тийм биз дээ"