Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос наймдугаар сарын 6-нд багш нарынхаа төлөөллийг УИХ-д оруулж цалин нэмэгдүүлэх хууль батлах тухай мэдэгдэл  хийсэн билээ.

Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан цаасан дээрх Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо  хэдхэн сарын нүүрийг үзэж буйг хэн хүнгүй мэднэ. Эхэндээ Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоотойгоо хамтран нэгдэж байсан “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” холбоондоо захирагдахаа больсон. Зарим нь ҮЭ-ийн гишүүнчлэлгүй байж цалин нэмэгдүүлэх түр хороог байгуулалцсан байдаг. Өөр зорилготой нэгдсэн нь төд удалгүй мэдэгдэж дотроо хэд хэдэн удаа хагаралдан  түр хороогоо “Монголын багш нарын нэгдэл” ТББ болгон өөрчилсөн байдаг. Тэд анхандаа Боловсролын ҮЭ-ийн холбооныхоо хүчийг ашиглах далд төлөвлөгөөтэй байсан нь  өнгөрсөн жилийн наймдугаар сарын 30-ны жагсаал, Багш нарын онц их хурлыг хамтран зохион байгуулж, байсан түүхээс нь харж болохоор юм.

 

Цалин нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа : "Наашаа харахаараа та нар гоё шүү" гэж хэлчихээд цаашаа харахаараа үгүй тийм юм гэж байдаггүй гэж өшиглөж байсныг нэг өдрийн наана цаана хоёр өөр утгатай хэвлэлийн бага хурал хийж байснаас бэлхнээ харж болно. Ийнхүү хоёр нүүрлэж явсан мань хүнийг намыг гар хөл болсныг мэдэх хүн цөөнгүй бий. За тэгээд ахин дахин санал нэгдэхгүй хүмүүсээ няслаж явсаар Монголын багш нарын ҮЭ-ийн холбоог Ц.Мөнхтуяа болон Ц.Лувсандорж хоёр л байгуулсан юм гэдэг. Хойшоо харахаар л өшиглөдөг багшийн холбооны хадагтай ирэх сонгуульд хоншоороо сойх болсон тухайгаа энэ удаагийн хэвлэлийн бага хурлын үеэр эвлэгхэн тайлбарлаад сууж байна. Багш багшдаа тусалъя фэйсбүүк группээсээ хөөгдөж байсан удаатай хадагтай Ц.Мөнхтуяа ирэх 2020 оны сонгуулийн ажилдаа ханцуй шамдан орохоор зэхээд эхэлжээ. Тэд уг хэвлэлийн бага хурлын үеэр Монголын багш нар өөрийнхөө төлөөллийг УИХ-д суулгахын төлөө ажиллана. Хуулийн заалтыг өөрчилж, багшийн цалингийн шинэ сүлжээг бий болгохын төлөө багш нар тэмцэнэ гэж тайлбарлав. Зөвхөн багш нарын авдаг цалин тийм бага байгаа гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Соёл урлагийн салбарынхан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг тухай удаа дараагийн ҮЭ-ийнхээ жагсаал цуглааны үеэр хэлж байсан. Анхнаасаа л тавилттай эхэлсэн тус жүжгийн гол найруулагч нь уяатай нохойгоо хэсэг зуур тавьж тандуулчхаад л ард нь тухлан сууж тоглолтоо үзэн, үргэлжлүүлэн зохиолоо хөврүүлэн суугаа биз. Намынхны гар хөл болчихсон хэмээн дуудуулах болсон Ц.Мөнхтуягаар ахлуулсан Ц.Лувсандорж, Д.Мөнхбаатар бүр “Улсаа аваръя” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Б.Жагар нар улс төрд орж мөнгө идэхээр шийдээ юу гэлтэй тийм хэвлэлийн бага хурал хийлээ. Тиймгүй бол юунд ингэтлээ улайрах билээ. Багш нарынхаа цалин цагааг нэмүүлэх нэрийдлээр өөрт  оногдох ашгаа тооцож улс төрчдийн найдвартай гар хөл болж яваа юм биш биз гэж хардах багш нар ч байна.

 

Нэгэнтээ Цалин нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ: “Ц.Мөнхтуяа бидэнтэй ингэе тэгье гэж тохирчхоод маргааш нь хэн нэгэн хүнээс зааварчилгаа аваад ирчихнэ. Тэгээд л үгүй бид ингэхгүй, бид тэгнэ гэж ганц өөрийнхөө бодлыг тулгадаг. Ард нь зааж зааварладаг хүн гарцаагүй байгаа” гэж ярьж байсан. Харин цалинг минь нэмэгдүүлж байвал ямар холбоо байх нь хэнд ч хамаагүй хэмээн бодож суугаа мянга мянган багш нарын гэнэн цагаан бодлыг улс төрийн бохир заваандаа дээрх хүмүүс хутгахгүй байвал зүгээрсэн. Үнэхээр л багш нарынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх ганцхан зорилготой байсан юм бол өдий төдий байр сууриа бэхжүүлсэн Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн бэлэн холбооноос татгалзах хэрэг юусан билээ. Хамтдаа хүчээ зузаатгаж аваад хөдлөх нь яасын бол?. Хагаралдуулан байж хүчин мөхөс холбоо байгуулсны учир юу вэ гэдэг тааврын эхний хөзөр ийнхүү дэлгэгдлээ. Ямар нэгэн аргаар олонд танигдаж 2020 оны сонгуульд нэр дэвшиж засгийн эрхийг барих төлөвлөгөөтэй намын нэгэн нүүр царай болох аж. Хойшид энэхүү тавилттай жүжгийн зохиолч авторууд нэг нэгээрээ тодрох нь гарцаагүй дээ. Багш нарын цалингаа нэмэгдүүлэх  их хүслийн үрээр улс төрчдийн атгаг санаа цэцэглээд эхэллээ дээ. Иймийн учир багш нарыг улс төрд ашиглахаа нэн даруй зогсоо л гэж хэлмээр байна.

 

Т.Солонго

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин