Монголын залуучууд, жолооч нар соёлтой, боловсон, бие биедээ хүндэтгэлтэй ханддаг болсон. Ихэнх жолооч дүрмээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож байгаа. Мэдээж олон дотор дүрэм гэдгийг мартсан, соёлгүй, бүдүүлэг залуус ч бий. Манай зарим жолооч нар гэрлэн дохио хүлээгээд зогсч байхад ногоон гэрэл асахтай зэрэгцээд дуут дохиогоо хангинуулдаг муухай зуршилтай.

Ногоон гэрэл ассаныг ч үл анзааран утсаа ухаад суучихдаг жолооч мэр сэр бий. Тийм хүмүүст ногоон гэрэл ассаныг мэдэгдэх зорилгоор дуут дохио өгөх нь зөв. Харин гэрэл солигдож амжаагүй байхад, шар асахтай уралдаад дуут дохио хангинуулаад байж болохгүй ээ. Ийм муу зуршилтай, адгуу жолооч нар алдаагаа засмаар байна. Улаанбаатар хот түгжрэлтэй, бид бүгдээрээ л цаг, нартай уралдаж яваа. Хэн хүнгүй л өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг.  Тэглээ гээд бид түгжрэлтэй зам дээгүүр нисэж чадахгүй, адилхан “мөлхөөд” урагшилна.

Гэрлэн дохио таарвал, улаан ассан байвал зогсоно, хүлээнэ. Тийм байтал ганцаараа л яараад, бусад нь яараагүй юм шиг хаазаа гишгээд хөдөлж байхад хүртэл араас дуут дохио өгч, амандаа бувтнаад байж боломгүй байна, залуус аа, жолооч нар аа.  Өөрчлөлтийг бид өөрөөсөө л эхэлж хийж, соёлтой, боловсон болох хэрэгтэй. Хотын түгжрэл машины тоо их болсондоо биш, бие биенээсээ өрсөх гэж зүтгэсэн хувиа бодсон зангаас л болж байгаа юм. Тийм болохоор хувиа бодсон зангаа засч, адгуу аашаа “хазаарлах” хэрэгтэй байна.