"Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил’’-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ‘’Манай хороо-Миний гудамж’’ аяныг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зарласан.

Тэгвэл өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Гансэлэм, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга н.Оргил-Эрдэнэ, инжинер н.Хөвсгөл нар Баянзүрх дүүргийн 17-р хороонд тохижуулсан “Жишиг гудамж” болон Налайх дүүргийн 7-хорооны “Жишиг гудамж”-тай танилцлаа.

Иргэдийн амьдрах орчноо сайжруулж, ногоон байгууламжийг бий болгох, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилготой тус аяны хүрээнд хийгдсэн “Жишиг гудамж”-ийн гүйцэтгэлтэй танилцаад НИТХ-ын дарга С.Амарсайхан асуудалд шүүмжлэлтэй хандлаа. Хэдийгээр хөрөнгө мөнгөний нөхцөл байдал хүнд байгаа ч сэтгэл дутсан байдал ажиглагдаж байна гэдгийг тэрбээр онцлов.

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Жишиг гудамжуудад анхаарах зүйлүүд их байна. Гол нь олон жилийн хэрэгцээ шаардлага хангасан байх хэрэгтэй. Гэтэл хөрөнгө мөнгөний дутагдалтай байдал, сайн төлөвлөөгүй, гүйцэтгэлийн чанартай холбоотой асуудлууд ажиглагдлаа. Ирэх жилийн төсөв хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудыг байх ёстой хэмжээнд нь стандартын дагуу хийлгэнэ.

Баянзүрх дүүргийн “Жишигт гудамж”-ны авто зам дагуу ус зайлуулах хоолой байрлуулаагүй байна. Бороо их орж, үер буувал зассан зам нь урсаад алга болно. Гэрэлтүүлгийн шонгууд ил утастай, замбараагүй тавигдсан байдалтай байна. Налайх дүүргийн 17-р хорооны “Жишигт гудамж”-наас авууштай зүйл ажиглагдсан нь гэрлийн утсыг газар доогуур хийж, үерийн уснаас хамгаалах шуудуу барьсан байсан боловч гүйцэтгэлийн ажил хангалтгүй байна” гэлээ.

 

Гүйцэтгэх байгууллагын удирдлагууд “Бид төсөв мөнгөндөө тааруулж хийсэн. Илүү их хөрөнгө мөнгө төсөвлөх юм бол илүү сайн хийх боломжтой” гэж хариулж байв. Гэвч НИТХ-ын дарга “Та нар ядаж 100 метр газарт "энэ бол жишиг тохижуулалт", та нар хөрөнгө мөнгө шийдэж өгвөл энэ 100 метр шиг бүх газрыг тохижуулах боломжтой гэдгийг харуулах юм бол дараагийн удаад тэр жишгээр нь бид төсөв мөнгө гаргахыг хичээнэ. Ер нь “Жишиг гудамж” гэх нэрэн дор нүд хуурах биш цаашдаа 21-р зууны хөгжлийн хандлагыг энэ хашаанаас, энэ гудамжнаас, энэ замаас олж харах асуудалд ул сууртай, сайн төлөвлөж, чанартай гүйцэтгэлтэй ажиллах ёстой” гэв.

НИТХ-ын ХМОНХТ