Өнөөдөр нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяж байна. Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн 50 хувь нь ажил хаялтад нэгдээд байгаа бол маргаашнаас орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ажил хаялтад оролцох юм. Өнөөдрийн байдлаар 86 сургууль, 89 цэцэрлэг ажил хаясан байгаа. Тухайлбал, 

•           Баянзүрх дүүргийн хэмжээнд  44, 53, 84, 97-р сургууль

•           Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор

•           Чингэлтэй дүүргийн 24-р сургууль

•           Баянгол дүүргийн 93-р сургуулиуд ажил хаяжээ.

Бид ажил хаясан багш ажилчдын төлөөлөл 97-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Г.Галбадрах: Багш ажилчдын төлөөлөл 2018 оны 8-р сарын 31-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, БСШУС-ын сайдын мэдээлэл ташаа гэдгийг мэдэгдсэн. Мөн 2018 оны 9-р сарын 1-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж өнөөдөр нийслэлийн  хэмжээнд ажил хаяль зарлахыг мэдэгдсэн байгаа.  Үүний дагуу өнөөдөр сургуулиудын Үйлдвэрчний эвлэлийн дарга нар ажил хаялтыг ахалж байгаа. 

Хөдөлмөр, нийгмийн  зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн  төрийн албан хаагчдын  цалин хөлсийг  нэмэгдүүлэх  тухай 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээрийн  9 дэхь заалтыг  хэрэгжилтийг шаардаж 97-р сургуулийн багш ажилчид өнөөдрөөс эхлэн ажил хаялтыг  хугацаагүйгээр хийж байна.  Бид болон Монголын багш ажилчид цалин нэмэх шаардлага тавьж байгаа.”

Багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байгаа бөгөөд урамшуулал хэлбэрээр 56,3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэмэгдүүл гэсэн тулган шаардалт тавилаа.

Энэ асуудлаар салбарын сайд Ц.Цогзолмаа: Мөнгөн урамшуулал болгон олгох 300 мянган төгрөг төсөвт сууж, ирэх сарын 1-нээс сургуулиудын цалингийн дансанд орно. Засгийн газраас та бүхний тавьсан асуудлыг шийдээд, нэг удаагийн урамшуулал биш харин үндсэн цалин дээр нэмэгдэл хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн. Есдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэх шаардлагын хариуг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцээд 8-12,3 хувь нэмэх шийдвэрт хүрснийг мэдэж байгаа. Харин ирэх оноос 50 хувиар нэмэх асуудлыг сайд дангаар шийдэх асуудал биш. Эдийн засгийн хувьд шууд ийм хэмжээгээр нэмэх боломжгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс асуудлаа зөвшилцлийн замаар шийдээд, ирэх он жилүүдэд үе шаттайгаар нэмж явах нь илүү оновчтой” гэсэн байр суурь илэрхийлсэн. 

Ажил хаяж байгаа багш, сургуулийн тоо өдөр бүр нэмэгдэх бөгөөд энэ нь ажил хаяхаа мэдэгдсэн огноотой шууд хамааралтай юм байна. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.