Өнгөрсөн сард Дархан-Уул аймгаас таван настай эмэгтэйг Э-г гэрийнхээ гадаа тоглож байхад нь “Эгч нь зайрмаг өгье” хэмээн худлаа хэлж хулгайлсан хэрэг гарсан.

Хэргийг тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 19-ний өдөр 5 настай Б.Энхжинг гэрийнхээ гадаа тоглож байхад нь П.Батсуурь гэгч эмэгтэй “Зайрмаг авч өгье” гэж охиныг хуурч авч явсан бөгөөд тухайн өдрийнхөө 18:00 цагийн Дархан-Улаанбаатар чиглэлийн автобусаар нийслэл хотод ирсэн байдаг.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ сарын 24-ний өдөр гаргасан билээ.

Сэжигтэн П.Б цагдаад “Төрүүлсэн үр хүүхэдгүй, хүүхэдтэй болохын тулд охиныг дагуулж гэртээ ирсэн” гэж мэдүүлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, цагдан хорьж шалгаж буй аж.

Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл. Хүн хулгайлах.

13.2.1 Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.