Ажил хайж буй иргэдийн хувьд өдөр ирэх тусам олон боломж нээгдэх болсон. Зөвхөн дээд боловсролтойд ч бус дээд боловсрол эзэмшээгүй иргэдийн хувьд ч ажиллах боломж, нөхцөл улам ихээр сайжирна хэмээн эдийн засагчид онцолсоор байгаа билээ. 

Америкийн ажлын байрны Glassdoor цахим хуудас ажилд авах зар дээрээ их дээд сургууль, коллежийн зэрэг шаардаагүй шилдэг 15 компанийн жагсаалтыг гаргажээ. Тус жагсаалтад Google, Apple, IBM, Эрнст энд Янг зэрэг дэлхийн томоохон компаниуд багтсан байна.

IBM компанийн Хүний нөөцийн албаны Дэд ерөнхийлөгч Жоанна Дэлей 2017 онд СиЭнБиСи сувагт өгсөн ярилцлагадаа компанийх нь АНУ дахь ажилчдын 15 хувь нь дээд боловсролгүй талаар ярьж байсан юм. Түүний хэлж байгаагаар ажилд орох хүсэлтэй иргэдийн их дээд сургууль, коллежийн зэргийг нь анхаарахаас илүү IBM компани ажилд орох гэсэн иргэд нь тус салбарт ажиллаж байсан туршлагатай эсэх, тусгай мэргэжлийн сургалтанд сууж байсан эсэхийг л харахыг илүүд үзэх болсон аж. 

Ингээд дэлхийн томоохон компаниуд ямар ажлын байрандаа их дээд сургууль, коллежийн зэрэг шаардаагүй болохыг сонирхъё.

  • Google компанийн Америкийн Калифорни, Техас муж дахь салбарт  ажиллах нээлттэй ажлын байр: бүтээгдэхүүн хариуцсан менежер, хүний нөөцийн ажилтан, программ хангамжийн инженер, бүтээгдэхүүн хариуцсан маркетингийн инженер
  • Эрнст энд Янг компанийн Жоржиа, Калифорни, Массачусетс муж дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: даатгал хариуцсан зөвлөх, эрсдэлийн зөвлөх, туршлагын удирдлагын менежер, татварын албаны ахлах ажилтан
  • Хэвлэлийн томоохон компани болох Penguin Random House компанийн  Америкийн Нью Йорк, Колорадо муж, Их Британийн Лондон хотын салбарт ажиллах нээлттэй ажлын байр: маркетингийн дизайнер, зар сурталчилгаа хариуцсан туслах ажилтан, санхүү хариуцсан ахлах менежер, телевизийн туслах ажилтан
  • Costco Wholesale сүлжээ их дэлгүүр Лос Анжелес, Калифорни, Мичиган дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: касс, бараа бүтээгдэхүүн өрөгч, эмийн сангийн борлуулалт хариуцсан туслах, талх нарийн боов боож, баглаж, уутлах ажилтан
  • Whole Foods сүлжээ их дэлгүүрийн Калифорни, Орегон мужийн салбарт ажиллах нээлттэй ажлын байр: хүнсний тасгийн ажилтан, касс, талх нарийн боовны тасгийн ажилтан, эрүүл мэнд, гоо сайхны тасгийн ажилтан
  • Hilton зочид буудлын Калифорни, Индиана муж дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: арга хэмжээ зохион байгуулагч, харилцагчийн менежер, үйлчлэгч, зочид буудлын менежер
  • Publix сүлжээ дэлгүүрийн Флорида муж дахь салбаруудад ажиллах нээлттэй ажлын байр: эм зүйч, бөөний худалдаа хариуцсан зохицуулагч, техникч
  • Apple компанийн Калифорни, Техас, Невада муж дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: дизайн хариуцсан инженер, төсөл хариуцсан инженер
  • Starbucks компанийн Жоржиа, Калифорни дахь салбаруудад ажиллах нээлттэй ажлын байр: бариста, ээлж хариуцсан ахлах, дэлгүүрийн менежер
  • Nordstrom сүлжээ их дэлгүүрийн Аризона, Невада мужийн салбарт ажиллах нээлттэй ажлын байр: бөөний худалдаа хариуцсан мэргэжилтэн, цэвэрлэгээний ажилтан, агуулахын ажилтан
  • Home Depot барилгын сүлжээ дэлгүүрийн  Виржиниа, Нью Жерси, Калифорни дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: салбарын эрхлэгч, харилцагчийн албаны ажилтан, дэлгүүрийн ажилтан
  • Техник технологийн дэлхийн томоохон компанийн нэг IBM компанийн Калифорни, Хойд Каролина, Техас муж дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: санхүүгийн блокчэйний инженер, хүний нөөцийн ажилтан, гэрээ хэлэлцээрийн мэргэжилтэн
  • Bank of America банкны Оклахома, Дэлавэр, Нью Йорк мужийн салбарт ажиллах нээлттэй ажлын байр: харилцагчийн үйлчилгээний албаны төлөөлөгч, харилцагчийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, шинжээч, гүйцэтгэх захирлын туслах
  • Мексик түргэн хоолны Chipotle сүлжээ рестораны Юта, Массачусетс, Калифорни дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: бүс хариуцсан менежер, гал тогоо хариуцсан менежер, үйлчилгээ хариуцсан менежер
  • Гэр ахуй, барилгын сүлжээ их дэлгүүр Lowe’s Массачусетс, Небраска, Хойд Каролина муж дахь салбарт ажиллах нээлттэй ажлын байр: сантехник, хүргэлт угсралтын ажилтан, мод бэлтгэгч