Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа  биеийн тамир, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл энх хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон талын хөтөлбөр, бага наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын бага наадам нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд өргөн утга агуулгатай болж буйгаараа онцлог юм.  
     Хангарьд паласын өмнөх хөл бөмбөгийн ногоон талбайд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын гуравдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны эхэнд үйлдвэрийн бүх цех хэлтсийн хамт олны төлөөлөл, баг тамирчдын жагсаал талбайг чимэв. Наадмын үйл ажиллагааг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх  нээж, нийт тамирчиддаа өндөр амжилт хүсэж, мэндчилсэн юм. Тэрээр “1991 онд Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд их спортыг дэмжих зорилгоор спорт цогцолборын дэргэд Хангарьд клубыг байгуулах шийдвэр гаргаж байсан нь эдүгээ тив дэлхийд алдартай олон тамирчдыг төрүүлэх үндэс нь болсон” гэдгийг хэлсэн үгэндээ дурьдав.  
     Нээлтийн үйл ажиллагааны нэгэн бахархалтай үйл явдал нь Монгол төрийн далбаа болон Эрдэнэт үйлдвэрийн тугийг залах ёслол байлаа. Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Б.Батбаяр, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Жанчивдорж, Д.Цагаан-Эрдэнэ, Гавьяат дасгалжуулагч  Ч.Раднаабазар тэргүүтэй зууны манлай үйлдвэрийн алдартан, цуутай тамирчдын төлөөлөл Монгол улсын төрийн далбаа, Олон улсын Олимпын хорооны хүндэт туг болон Эрдэнэт үйлдвэрийн сүлд тугийг спортын гуравдугаар бага наадмын хойморт  хүндэтгэлтэйгээр залав. Энэ үеэр төрийн дуулал эгшиглэж, дараа нь бага наадмын шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөлөө. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд болж буй Спортын гуравдугаар бага наадамд нийт 1400 тамирчин спортын 11 төрлөөр 381 багц медалийн төлөө авхаалж самбаа, авьяас чадвар, бяр хүчээ сорин өрсөлдөх юм.  “Энэ удаагийн бага наадмын спортын төрөлд газрын теннис шинээр орж, оролцох цехүүдийн тоо  нэмэгдсэнээр наадмын цар хүрээг тэлж байна. Долоо хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргана”  гэж тус бага наадмын Ерөнхий шүүгч,  спортын мастер М.Отгонбаяр онцоллоо.
     Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан  цаг үеэсээ эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд их спорт, урлаг соёлыг дэмжих бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүний үр дүнд тус үйлдвэрийн дэргэдэх спорт ордон, Хангарьд клубээс  Атлантын олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин, МУГТ  Д.Нармандах, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, боксын тамирчин, МУГТ  У.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн аварга, МУГТ  Г.Болдбаатар, олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, МУГТ Э.Бэхбаяр, МУГТ Т.Мөнхтуяа нарын олон арван цуутай тамирчид төрөн гарч, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсаар  байна.