Олон залуусын амьдралд "Хөг" нэмж, өнөөг хүртэл зүрхэнд нь үлдэх дурсамжийг өөрсдийн дуугаараа бүтээлцэж ирсэн "Люмино" хамтлаг Монголын хип хоп урлагт үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

Байгуулагдаад 20 жил болж буй тус хамтлагийн "Насан туршдаа", "Хүнийх", "Бүтэлгүй хайр", "Уучил намайг" зэрэг уран бүтээл нь одоо ч залуусын сонсох дуртай дууны нэг хэвээр. Тэгвэл тус хамтлагийн гишүүн Бажи буюу Б.Батхишиг "Люмино" гэх хамтлаг анх хэрхэн үүсгэн байгуулагдаж, хамтлагтаа хэрхэн дуучнаар орж байсан, түүнээс хойш өнөөг хүртэл ямар зам туулж өдийг хүрсэн зэрэг өөрсдийн үнэтэй дурсамжаа хуваалцжээ. 

Миний мэдэх “LUMINO” хамтлаг 

1994-1995 оноос л миний мэдэхийн Анхаа маань хип хоп гээл гүйгээд байдаг байсан санагдана, хажуу орцны найзууд болхоороо нэгнээрээ багагүй орж гарна... 

МС бид 2 Найрамдал зусланд анх танилцаж “Puff Daddy - I’ll be missing you” дууг би дуулж МС үглэж тэр ээлжийнхээ Mini Пентатоник тэмцээнд түрүүлж байснаа тодхон санаж байна. Тэр цагаас хойш байнга уулзалддаг боллоо. Хэзээ сүүлд нэг таарсан чинь МС Анхаа эд нартай нийлцэн нэг хип хоп хамтлаг болчихсон л юм хийгээд байдаг... Тухайн үед би чинь жинхэнэ поп бацаан байлаа даа хөөрхий...  10 дугаар ангиа төгсдөг жил “ТРИО” хамтлагт санаандгүй учирлаар орчихдог юм байна. Трио хамтлаг чинь бас хөөрхөн хит дуунуудтай тухайн үедээ хөөрхөн хөөрхөн Ингэж л албан ёсоор хамтлаг гэдэг зүйлтэй холбогдож урлагт хөл тавьж байгаа маань тэр юмдаа...

Lumino Трио хамтлагууд хамтарч “Би чамд хайртай” гэдэг дуу гаргалаа. Ёстой утгаараа хит болж би ч Lumino-той халтууранд их явсандаа. Трио хамтлагаас гараад байж байсан манай хэд байрны гадаа уулзалдаж байна. За тэгээд л “Зүгээр шдээ, хамтдаа энэ дууг дуулсан юм чинь чи бидэнтэй хамт дуулж л байхгүй юу” гээл, тэгээл тэрнээс хойш салахаа байсан даа...  1999 оны намар гэхэд би хамтлагийн дуучин нэрээр LUMINO гийн албан ёсны гишүүн болсон байлаа. Тэр үед хүүхэд залуучууд шинэ стиль жанр хип хопыг хүчтэй сонирхож эхэлсэн ч санасны зоргоор амар байгаагүй ээ. FM RADIO-гоор хип хоп дуу зөвхөн шөнө л явдаг байлаа. Өдөр тоглогдодгүй. Тэр бүгдийг эвдэх гэж хүмүүст хүссэн цагтаа сонсгодог болгох гэж LUMINO хамтлаг зөөлөн хэмнэлтэй хайрын дуунуудыг хажуугаар нь хийдэг болсон гэх мэтчилэн хөгжлийг хурдасгах гэж, хүмүүст хип хоп гэдэг урлагыг мэдрүүлэхийн тулд маш их зүйлийг хийсэн шүү.

Тоглолтоо хийгээд бусад хамтлагууд олсон ашгаа хуваагаад л авдаг байсан бол бид бүгдийг нь дараагийн уран бүтээлдээ зориулдаг байлаа... Тухай үед рок поп л гэж урлагийхан яридаг байлаа. Тэр том гэр бүлд орохын тулд рок поп хип хоп гэж яридаг болгохын тулд, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш их зүйлийг хийх ёстой байсан. Бид нар оръё гээд тогшоод л орчих газар биш, хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Юунаас эхлэх үү? Тухайн үеийн урлагийн мангасуудын хийлгэдэг продакшнаар заавал клипээ хийлгэх ёстой. Мэдээж жоохон бацаануудын хувьд маш их мөнгө шүү дээ, зээлнэ жоохон олсон мөнгөө тийшээгээ л хийнэ. Тэдний бичүүлдэг studio-гоор бичүүлнэ СD гээ өндөр төвшинд хэвлүүлнэ. Дагаад чанар нэр хүнд байсан шүү, Бидний зорилго биднийг өөр түвшинд хүрч, тэр чинээгээр өөрөөр үнэлэгдэж эхэлсэн болов уу. 

“Намайг дагаад цэнгэ” дууг 2003 онд гарахад Хууль зүйн яамнаас садар самууныг сурталчилсан гэж бүх телевизээр гаргахыг хориглож байлаа, нэвтрүүлгээрээ гаргаад цалингийнхаа 20% ийг хасуулж байсан хүмүүс ч бий. Ардчилсан оронд урлагийг боож хааж байсан тод жишээ бол энэ. Хамтлагаа байгуулаад байж байсан 16-18 насны жоохон хүүхдүүдэд том хамтлагууд дэндүү хол байлаа. Пентатоник хөгжмийн наадамд зүгээр л орж үзэх юмсан гээд мөрөөддөг байсан үе саяхан мэт. 2000 оноос Пентатоник хөгжмийн наадамд шилдэг хип хоп гэдэг номинаци нэмэгдэн орсон цагаас хойш LUMINO хамтлаг 4 удаа энэ шагналыг хүртсэн байдаг. Ингээд бүх зүйл дардан болчихсон гэвэл үгүй ээ.

Том цохилт ирсэн. 2000 оноос хамтлагын 2 нь гарч бид гурвуулаа л үлдлээ. Бөхийн өргөөнд тоглолт хийчихсэн, сонсдог фенүүдтэй болчихсон, бүх юм жигрээд явж байсан үе. Гэтэл хамтлагийн маань 40 хувь байхгүй болчихов. Бууж өгөөд тарах, эсвэл үргэлжлүүлээд тэмцэх гэсэн хоёр сонголттой нүүр тулгарав. Гурвуулаа бууж өгөхийг хүсээгүй. Урлагт бүхнээ зориулж нэг зорилготойгоор цааш явсан , анхны цомогноосоо эхлэээд бүгдийг 3 уулаа ахиж эхнээс нь хийж эхэлсэн. Миний хувьд хамтлагын 2 дахь цомгоос зөвхөн дуучин байхаа больж, шаардлагаар үглэж эхэлсэн. Миний үглэнэ ч гэж юу байхавдээ чааваас

Гэхдээ л надад том сорилт байсандаа. 2007 он гэхэд 6 CD гаргачихсан байлаа. Үүний дараачаас хамтлаг маань хэсэг хугацаанд уран бүтээл хийсэнгүй, уйдсан уу, од болчихсон уу ямар ч л байсан хэсэг зогсонги байдалд орсон доо. Улс орон нийтийн дуунд живж байсан үе л дээ гадуур тоглолт л их хийж байлаа тус тусдаа single зарим нэг нь CD гаргаж дуртай зүйлүүдээ л хийж явсан үе. 2012 онд эргэж уран бүтээлдээ хамтлагаараа идэвхтэй орж шинэ дуу, клипүүдийг ар араас нь гаргаж эхэлсэн, YouTube FACEBOOK гээд юм хөгжсөн үед урлагийн дүү нартайгаа шинэ түвшинд өөрсдийх нь сонсдог сонирхдог зүйлээр адилхан сэтгэж өрсөлдөнө гэдэг амаргүй шүү. Ингэж тэгж зүтгэсээр LUMINO хамтлаг уран бүтээлээ хийсээр нэг мэдсэн 20 жил болсон байна.

Би LUMINO хамтлаг одоогийн урлагийн залуусын үүд хаалгыг нь нээж өгч гарч ирэхэд нь илүү амархан болгож өгсөн гэдэгт итгэдэг. Үүгээрээ бахархдаг. Мөн өөрсдийн сонсогч нартаа зөв бас гоё хөгжмийн боловсролыг олгож өсгөсөн байх гэж боддог. Мөн таны амьдралын салшгүй дурсамжуудын нэгээхэн хэсэг нь бид байж чадсан болов уу гэж найдаж байна. Орчин цагийн Монголын дуу хөгжмийн урлагт Lumino хамтлаг тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж чадсан бол бид баярлаж явах болно. 2012-2013 онд DJ дүүгээ хамтлагтаа оруулж бид 4 уран бүтээлээ үргэлжлүүлсээр...

Бидний шинэ уран бүтээлүүд ар араасаа гарч таны сонорыг мялаасаар байх болно. 20 жилийн өмнөөс биднийг сонссон сонсогч таны хүүхдүүдэд ч бид зөв гоё хөгжмийн боловсролыг цаашид олгосоор байх болно. Бүх зүйл дардан байдаггүй, асар их бартаа саадыг давж маш олон жилийн хүч хөдөлмөр үнэнч байдал амжилт авчирдаг, хамт удаан тогтнох гол зүйл бол нөхөрлөл мөн нэгнээ хүндлэх хүндлэл юм гэдгийг бид ойлгосон. 


Хүндэтгэсэн "LUMINO" хамтлагийн гишүүн Б.Батхишиг 

www.Seen.mn