“Жакарта 2018” Азийн спортын XVIII их наадам өнгөрсөн сарын 18-наас энэ сарын 2-ны хооронд болж өнгөрсөн. Энэ наадамд 45 орны 11 мянган тамирчин өрсөлдсөн юм. Харин манай улсын хувьд 2014 оны амжилтаа ахиулж таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 16 дугаар байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн.

Учир нь спортын 30 төрөлд амжилттай оролцож 25 медальтай ирнэ гэдэг хүн амынхаа тоонд шилжүүлбэл дээгүүр байхаас өөр аргагүй амжилт. Энэ удаагийн Азийн спортын их наадамд Монголын баг тамирчдыг Монголын Үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш нар ахалж ажиллахаар болж Азийн наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр “Жакарта 2018”-д оролцох тамирчдыг төлөөлж чөлөөт бөхийн тамирчин П.Орхон шударга өрсөлдөхөө илэрхийлж тангараг өргөж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх. Гэвч манайх түүхэн дээд амжилт гаргасан боловч чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдаж алтан медаль хүртсэн гавьяат тамирчин П.Орхон тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээнд бүдэрч алтан медалиа хураалгаад зогсохгүй барилдах эрхээ тодорхой хугацаагаар эсвэл насан туршдаа хасуулах харамсалтай байдалд орсон билээ. Энэ талаарх мэдээлэл гадны хэвлэл мэдээлэл болоод Азийн наадмын албаны хуудсанд мэдээлэгдээд байхад Монголын Үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний төв одоо болтол ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, өгөхөөс татгалзсаар байгаа нь хэн бүхний анхаарлыг татаад байгаа юм.

Өмнө нь гадаадад болсон тэмцээнд Монголын бөхчүүдээс допинг илэрсэн байхад мөн л энэ удаагийнх шиг нуун дарагдуулаад өнгөрсөн байдаг. Хэдийгээр ингэж нуун дарагдуулаад өнгөрч болох ч олон улсын тавцанд Монголын нэрийн өмнөөс өрсөлдөж байгаа тамирчдаас энэ мэтээр допинг илрээд байвал улсын нэр хүнд газарт унасаар байх болно. Допинг хэрэглэсэн гэх тамирчин руу хамаг бурууг чихээд албаны хүмүүс нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс албан ёсны мэдээллийг нуух нь ёс зүйгүй үйлдэл. Нэгэнт допинг илэрсэн нь анхны болоод давтан шинжилгээгээр нотлогдоод Азийн олимпийн зөвлөлөөс Монголын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлчихээд байхад одоо хүртэл ямар нэгэн мэдээллийг дээрх байгууллагууд өгөөгүй байна. Эх орных нь нэр хүндтэй холбоотой асуудал олон улсад яригдаж, ирэх олимпоос медаль хүртэх хамгийн өндөр магадлал гэгдэж буй тамирчных нь цаашид барилдах эсэх нь тодорхойгүй байхад Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс Азийн XVIII наадамд оролцсон баг, албаны хүмүүсийг хүлээн авч баярын ширээ засч, хүлээн авалт зохион байгуулав. Энэ сарын 18-нд болсон уг хүлээн авалтыг МҮОХ-ны удирдлагууд зохион байгуулж, тайзан дээр гарч үг хэлж, найрын ширээний ард заларсан фото зургууд сошиалаар дүүрэн байна. Азийн наадамд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулсан нь мэдээж сайн хэрэг. Магтах хэрэгтэй. Тэмдэглэхээс аргагүй үйл явдал. Гэхдээ П.Орхоноос илэрсэн допингийн асуудлыг олон нийтийн хараанаас холдуулж, мартагнуулахыг зорьж, эсвэл зүгээр л нэг байдаг үйл явдал боллоо гэх маягаар хандаж яавч болохгүй. Зүй нь бол П.Орхоны допингийн асуудлыг нэг тийш нь гаргачихаад ард нь энэ баяр ёслолоо тэмдэглэсэн бол арай л хударгатай байх байлаа.

Азийн олимпийн зөвлөлөөс манай талд өнгөрсөн сарын 31-ний өдр мэдэгдэл ирүүлсэн юм байна. Гэтэл тэр үеэр Чөлөөт бөхийн холбооныхон “Одоогоор ямар нэгэн юм хэлэх боломжгүй. Эцсийн хариу ирээгүй” гэх маягаар няцаалт өгч байсан. Тэгтэл аль хэдийнэ мэдэгдэл нь ирээд допингийн энэ асуудал Олон улсын олимпийн хорооны анхааралд өртсөн тухай сануулсан байжээ. Уг мэдэгдэлд дараахь зүйлсийг онцолсон байна. “Тамирчин П.Орхон Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчжээ. Тэрээр Азийн олимпийн зөвлөлийн Сэргээшийн эсрэг дүрмийн дагуу хийгдсэн тэмцээний үеэрх шинжилгээгээр тус дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо албан ёсоор тогтоосныг мэдэгдэж байгаадаа гүнээ харамсч байна. Зөрчлийн талаарх мэдээллийг дор дэлгэрэнгүй дурдав:

Уг мэдэгдэлд үргэлжлүүлэн “Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хорооны мэдээлснээр WADA-гийн Катар дахь итгэмжлэгдсэн лабораторид сорьцыг шинжилжээ. Шинжилгээгээр тамирчнаас авсан шээсний сорьцонд WADA-гаас 2018 онд гаргасан хориотой эмийн төрөлд багтсан станзолол бодис буйг илрүүлсэн. Ингээд уг шинжилгээний хариуг үндэслээд дараахь зүйлсийг Монголын талд сануулж байна” гэжээ. Үүнд,

-Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хорооны шинжилгээгээр сэргээшийн эсрэг дүрмийн 2.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоов.

-Тамирчин В сорьцыг шинжлүүлэхийг зөвшөөрсөн. Шинжилгээний дүнгээр А, В хоёр сорьцонд хоёуланд нь допинг илэрсэн.

-Тамирчин шударга шүүлгэх эрхтэй.

-Тамирчны “Жакарта-2018” Азийн зуны спортын наадамд оролцсон эрхийг хасч, гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцож цуцлав.

-Алтан медалийг хураан авч медаль олгосон дарааллын дагуу шилжүүлэхээр болов.

-Азийн наадмын Зохион байгуулах хороо уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч медаль шилжүүлэх ажиллагаа хийхээр болсон.

-Шинжилгээний дүнг албан ёсны хэмээн үзсэн тохиолдолд олон нийтэд энэ тухай тодруулга хийх ёстой.

-Сэргээш илэрсэн баримтын хуулбарыг Олон улсын олимпийн хороо руу илгээж, холбогдох хоригийн дагуу цаашдын арга хэмжээг авна.

-Азийн олимпийн зөвлөлийн Сахилгын хороо тухайн тамирчныг Сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөн талаар Олон улсын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид тайлагнана.

-Энэхүү тайланг Сахилгын хорооны гишүүдийн дунд тарааж танилцуулсан бөгөөд тэд доторх агуулгыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн болно.

-Тамирчин энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байвал Спортын арбитрийн шүүхэд 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэсэн шаардлагуудыг тавьсан байна.

Сэргээшийн эсрэг дүрмийн дүрмийн 2.1-д “Тамирчны дээжнээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсэн” гэж заасан байдаг юм байна. 2.1.1-д “Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг мөн. Түүний дээжээс хориглосон бодис, эсхүл түүний хувирал буюу шинж тэмдэг илэрсний хариуцлагыг тамирчин өөрөө хүлээнэ. 2.1-д заасны дагуу Допингийн эсрэг журам зөрчигдсөн эсэхийг тогтооход тамирчин тэдгээрийг хэрэглэх болсон санаа, гэм буруу, хайхрамжгүй, эсхүл зориудаар хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй” гэж тодорхой заасан байдаг юм байна.