Алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель нэгэнтээ “Эмэгтэй хүн 30 насандаа өөрийн гоо сайхнаа мэдэрч, ургуулж чадахгүй бол түүнийг мунхаг хэмээн нэрлэхээс өөр аргагүй” хэмээсэн байдаг. Мэдээж охид бүсгүйчүүд маань 20 насандаа гялалзаж, байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ бүхнийг алмайруулж, алдаж онож явдаг. Тэгвэл та 30 насандаа 20-той байснаасаа илүү үзэсгэлэнтэй, сэтгэл татам харагдаж чадна гэдгээ мэдэх үү? Нийт бүсгүйчүүддээ зориулан, яагаад та 30 насандаа 20-той байснаасаа илүү халуухан, дур булаам харагдаж болохыг танилцуулж байна.

1. Эрүүл хооллолт

20 настай хүн эрүүл мэнддээ санаа зовж, өөрийгөө хянаж, хооллолтондоо анхаарах нь ховор байдаг. Тэд зүгээр л хүссэн бүхнээ идэж, өөрийгөө дураар нь тавьж, дунд чөмгөөрөө жиргэдэг. Харин 30 нас гараад ирэхийн цагт илүүтэй ухаан сууж, эрүүл зөв хооллолтыг баримталж эхэлдэг байна. Тиймээс 30 настай бүсгүйчүүд биеэ дотроос нь эрүүлжүүлэх бөгөөд үүнээс үүдэж, арьс нь тунгалаг болж, цаанаасаа л гэрэлтэнэ.

2. Эрт амарна

Мэдээж хорин настай залуухан охид баасан гарагийн үдшийг гэртээ өнгөрүүлэх нь ховор байдаг. Найз нөхөдтэйгээ гадуур зугаацаж, ёстой л залуу насны эрч хүчээ мэдрүүлнэ шүү дээ. Харин гуч гарсан бүсгүйчүүдийн тухайд эрт амарч, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч байдаг. Согтууруулах ундаанаас хол, зөв амьдралын хэв маягийг нэгэнт өөртөө цогцлоож чадсан бүсгүйчүүд маань улам бүр л өнгө засч, өө сэвгүй, дур булаам харагддаг.

3. Спортоор хичээллэх

Гучин настай үзэсгэлэн гоонууд маань дасгал хөдөлгөөн эрүүл мэнд болоод гадаад төрхөнд ямар чухал нөлөөтэй болохыг тун ч сайн мэддэг болсон байна. Тиймдээ ч хөлсөө дуслуулан дасгал хийж, хүүхэд гаргасан ч биеийн галбираа төгс хэвээр хадгалдаг. Харин 20 настай охидын тухайд байгалиас заяасан гоо сайхандаа бардаж, дасгал хөдөлгөөнөөс зугтах бөгөөд хэлбэртэх үүднээс фитнес төвд явах нь бий. Мэдээж бүх охид тийм биш гэдгийг та ч бас мэдэх биз.

4. Өөрийгөө илүү сайн таньсан байна

Надад ямар хувцас зохидог, би яавал илүү дур булаам харагдах билээ гэдгээ тун ч сайн мэддэг болсон байна. Тиймдээ ч өөрийгөө олж, ямар стилээр хувцаслахаа ч сонгосон байдаг. Харин бид 20-той байхдаа таарсан бүгдээ өмсөж, тохирох үл тохирохыг мэдэхгүй л хувцасладаг шүү дээ. Үүнээс гадна 30 гарсан бүсгүйчүүд санхүүгийн тал дээр хэдийн эрх чөлөөнд хүрсэн байх тул хамгийн чанартай гэсэн бүхнийг авч өмсдөг. Чанартай, өөртөө тохирсон хувцас өмссөн бүсгүй хамгийн дур булаам харагдах нь гарцаагүй биш гэж үү?


5. Өөртөө итгэлтэй, ухаалаг

Амьдралаас сурж авсан зүйл арвин тул хэлж байгаа үгс, хийж байгаа үйлдэл зэрэг нь ухаан хайрлаж, уулга алдуулах шидтэй. Гэнэн, хонгор зангаа гээж, бодит амьдралыг биеэр туулж ирсэн 30 настай бүсгүйчүүд ямарваа зүйлсд хүлээцтэй, тайван болдог юм. Харин ухаалаг, уужимхан сэтгэлтэй бүсгүйд хэн ч дурлахгүй, хайрлахгүй, татагдахгүй байна гэж үгүй.

6. Эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь өөрчлөгдөнө

Дээр дурдсанчлан ажил хийж, өөрсдийн хүч хөдөлмөрөөр мөнгө олоод эхэлсэн 30 гаруй насны бүсгүйчүүд маань илүү чанартай зүйлсийг хэрэглэж, бусдын нүдэнд үнэт алмаз мэт л гялалзах болно.

7. Үнэ цэнээ мэддэг

Өөрийн үнэ цэнийг ойлгож, зөвхөн түүнийг гэх хүмүүсээр л хүрээлүүлэхийг хүсдэг юм. Тэдний өөртөө итгэлтэй, ухаалаг байдал нь ямар ч хүнийг хажуудаа сөгдүүлэх хүчтэй, сүр жавхлантай аж. Харин энэхүү өргөст сарнай олон эрсийн харцыг булааж, илүүтэй халуухан болсон мэт санагдуулдаг байх юм.

8. Цагаа зөв зүйлд зарцуулна

Цаг бол алт. Хэрэгтэй хэрэггүй зүйлд цаг заваа зарцуулах нь ямар утгагүй хэрэг болохыг 30 гарсан бүсгүйчүүд хэнээр ч хэлүүлэхгүй мэддэг болсон байна. Тиймдээ ч чөлөөт цагаа өөрийн боловсрол болоод эрүүл мэнддээ зарцуулж, илүү ухаалаг болсон гэдгээ хэн бүхэнд гайхуулах аж.