ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт  мэдээлэл хийлээ. Өнгөрсөн наймдугаар сард бусдад зодуулж амь насаа алдсан талийгаачийн 49 дэх хоног өнөөдөр тохиож байгаа тул сэтгүүлчдийн асуултад хариулаагүй юм.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Сэтгэл санаа хүнд байгаа гэдгийг та бүхэн хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Зам тээврийн яаманд үйлдэгдсэн хүн амины хэргийн хохирогч талыг төлөөлж ирлээ. Олон нийтэд заавал хүргэх ёстой зүйл олон байлаа” гэв.

Талийгаачийн аав Р.Түмэнбаяр “Манай гэр бүл дөрөв дэх үеээ төрд зүтгүүлж байгаа сэхээтэн гэр бүл. Миний авга, эцэг, ах дүү гурван партизан гээд анхдагч байсан. Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаж тэтгэвэрт суулаа. Миний хүү нийтэч зантай, илүү дутуу зангүй хүүхэд. Төрийн байгууллагад ийм зүйл болно гэж бодолгүй хүүгээ төрийн албан зүтгүүллээ.

Миний хүүг архи уусан, харилцан зодолдсон гэх мэдээлэл гарсан. Тийм архи дарс уудаг хүн биш. Би өөрөө ч архи ууж үзээгүй. Монгол ёсоо бодоод би дуугарсангүй. Одоо дуугарах цаг нь болсон байх. Зүй бус байдлаар хүмүүжүүлээгүй ээ. Т.Гомбосүрэн миний голомт түших ганц хүү минь байсан. Дөрвөн хүүхэд нь үлдлээ. Энэ дөрвөн хүүхдийг нь хүнтэй адил хүн болгож хүмүүжүүлнэ гэж бодож байна. 20 жилийн дараа би эцэг чинь архи ууж амиа алдлаа гэх үү, архи уусан хүнд зодуулж амиа алдлаа гэх үү гэдгийг тодорхой болгох гэж энэ хурлыг хийж байна. Надад хэцүү байна” гэв.

Авга ах Р.Ганхуяг “Миний дүүг амиа алдах үед Б.Махбал, н.Лхагвасүрэн, н.Цэцэгмаа нарын хүмүүс дуудан ирүүлж амийг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Дуудсан бичлэгийг нь би та бүхэнд сонсгоё. Миний дүүг дөрөвдүгээр сард ажлаа хийгээд явж байхад, Төрийн албаны зөвлөлийн дарга н.Цогоогийн С.Дорждагвыг нэр дэвшүүлэхээр санал дэвшүүлж байсан байгаа юм. Дүүгийнхээ өрөөнд би орсон. Тэгэхэд компьютер нь асаалттай, өрөөний гэрэл нь асаалттай, бүх бичиг баримт нь нээлттэй, пиджак нь өлгөөтэй байсан. Яарч сандран дуудагдаж орсон байгаа юм. Улс төрийн зорилгоор, албан тушаалыг нь авах гэж ийм зүйл хийсэн үү гэдгийг тогтоож өгнө үү. Энэ хэрэг гарахад ямар нэгэн байдлаар оролцсон, турхирч, түлхсэн албан тушаалтнууд шийтгэлийн гадна үлдэх ёсгүй” гэв.