Замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өөрчилж нэг стандарттай болгох тухай асуудлыг  Зам тээврийн яам судалж, ярьж  эхлээд байна. 

Манай улсын хэмжээнд өнөөдөр  нийтдээ  600 гаруй мянган тээврийн хэрэгсэл оролцож байгаа ч  200 орчим мянга нь техникийн хяналтын улсын үзлэгт ордоггүй, татвар төлдөггүй байна. Үүнээс гадна  автомашиныг иргэд гар дамжуулан наймаалж ялангуяа орон нутаг дамнуулан  шилжүүлэх бүрт дугаарыг нь солих шаардлагатай болж иргэд мөнгө төлөх  шаардлагатай болдог. Энэ бүхнийг эцэслэн шийдвэрлэж, улсын дугаарыг орон нутаг, нийслэлийнх гэж ялгахгүйгээр нэг ижил норм, стандарттай болгох нь зүйтэй гэсэн үүднээс ийм алхам хийх гэж байгаагаа албаныхан тайлбарлаж байна. 
   
Автомашины улсын дугаарыг солих эсэхээ одоогоор  эцэслэн шийдээгүй байгаа ч холбогдох байгууллагуудын ихэнх нь энэ саналыг дэмжиж, дугаарын стандартыг хэрхэн өөрчлөх тухай ярилцаж байгаа юм байна.

Манай улсад автомашины дугаар үйлдвэрлэх ажлыг хуучин ЗЦГ-т ажиллаж байсан олигархиуд хувийн бизнес болгож өөр өрийн үйлдвэртэй болсноор автомашины дугаар замбараагүй болж, хэдэн янз болохын зэрэгцээ, дугаар давхардах, ижил тоотой алтан дугаар үнэд орон цөөн хэдэн хүний бизнес болсон нь  бас нэг хүндрэл болоод байгаа юм. 
Чухамдаа өнөөдөр ЗЦГ манай улсад давхардсан хэдэн дугаар байгаа хийгээд ер нь автомашин хэрэглэгчид хэдэн янзын дугаар ашиглаж байгаагаа ч мэдэхээ болиод байгаа учраас нэг цэгцэлж авах гэсэн ядруухан оролдлого бололтой. Хамгийн гол нь хамаг хөрөнгө мөнгө зардал нь улсаас гарч, дээр нь ард түмэн хэрэглэгчид өөрсдөө мөнгө төлж авах болох нь. 

Нөгөө талаар ЗЦГ газар гэдэг том нэртэй ч нийслэлийн хөдөлгөөн зохицуулахаас өөрийг хийдэггүй, конторт суудаг хэдэн хурандаа нарыг болиулж дүүрэг дүүргийн замын цагдаад нь ажлыг нь хариуцуулна гэсний сургаар тэдний амжуулах гэсэн  сүүлийн бизнес  ч байх болох. 
Хэрэгтэй хэрэггүй дүрэм журам гаргаж хэдэн жолооч нарыг торгож, шаналган халаасыг нь тэмтрээд, дээрээс нь бас цалин авдаг тэр хэдэн хурандаа нарын чадах л зүйл нь энэ болохоор аргагүй ч байж болох.