Өдгөөгөөс хориод жилийн өмнө Монгол Улсаас Д.Батбаяр тэргүүтэй хөвгүүд арлын Япон улсыг зорьж, тус улсын үндэсний бөх болох сумогийн ертөнцөд хөл тавьж байв.
Арлын орны мэргэжийн сумогийн ертөнцөд анх ийнхүү монголчууд хөл тавьсан цагаас хойш бид сумогийн дэвжээг ёстой л эзэгнэж ирсэн. Мэргэжлийн сумод Монгол Улсаас анхны их аварга төрж, их аварга Д.Дагвадорж маань 25 удаа түрүүлж, япончуудыг сандаргаж байв. Сандрахаас ч өөр аргагүй, японы сумогийн их аварга Тайхо нийтдээ 32 удаа түрүүлсэн дээд рекорд бий. Ид эр бяр жагсаж, хүчээ гайхуулж байсан Д.Дагвадоржийн хувьд Японы их аваргын 32 түрүү, рекордыг амархан эвдэж чадах байв. Тиймээс ялимгүй далим гарган түүнийг мэргэжлийн сумогоос явуулж чадсан. Харин өдгөө арлын орны сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулж яваа 69 дэх их аварга М.Даваажаргал өдгөө 28 дахиа түрүүлж, японы их аваргын амжилтыг эвдэхээр зэхэж байна. Ийнхүү мэргэжлийн сумод анх хүч үзэж эхэлсэн цагаас хойш Монгол Улс тус улсын үндэсний бөхийн гурван ч аваргатай болжээ. Анхны аварга Д.Дагвадоржийн хувьд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрыг хүртсэн нэгэн. 

Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж өгсөн юм чинь хүртэхээс ч яахав. Тэгэхээр 28 түрүүлж Д.Дагвадоржийн амжилтыг эвдсэн М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олгоё л доо. Гучин нас ч хүрээгүй энэ залуу 32 бүү хэл 42 түрүүлж, хэн ч эвдэж чадахгүй амжилтын эзэн болж чадна. Японы үндэсний бөхийн түүхэнд хэдэн зуунаар дамжигдан дурсагдах амжилтын эзэн болохыг үгүйсгэх аргагүй. Арлын орон оршиж байгаа цагт үндэсний бөх нь байж л таарна. Тэр тусмаа үндэсний бүхэндээ амь тавьж чаддаг япончууд улам л хөгжүүлсээр байх болно. Тэгэхээр тус улс үндэсний бөхийг ярихад л дээд амжилтын эзэн М.Даваажаргал гэхээр Монгол Улсын нэр мөнхийн хамт байх болно. Ингээд ид эр бяраа гайхуулж, арлын орныг чичрүүлж яваа энэ хүүгийн бяр хүчийг улам бадрааж Хөдөлмөрийн баатар цол өгье л дөө. Цол дагаж бяр нэмдэг гэдэг. Яг энэ цаг үед М.Даваажаргалд Хөдөлмөрийн баатар цол олговол тэр хамгийн багаар бодоход арав түрүүлэх бяр нэмж таарна. Жалгын нэг наадамчинд өгч болдог цолыг дэлхийд улсынхаа нэрийг гаргаж яваа залууд яагаад өгч болохгүй гэж Ерөнхийлөгч өө. 

А.Гал