Хиймэл дагуулын системээс байршлыг нь нуусан, туйлын нууцлаг хийгээд өндөр хамгаалалттай цор ганц шорон Колумб улсад байх бөгөөд түүний нэгэн өрөөнд Луис Гаравито гэх алуурчин өнөөг хүртэл хоригдсоор байгаа юм. Тэрээр бусад хоригдлуудаас тусдаа байрладаг юм. Учир нь хэрэв бусад хоригдлуудтай түүнийг ойртуулбал хамгийн түрүүнд таарсан хоригдол түүний хоолойг улаан гараараа багалзуурдаж алах нь мэдээж хэрэг. Колумбын ард түмэн түүнийг хэр их үзэн яддагийн жишээг үүнээс харж болно. Харин түүний харгалзагчид хэлэхдээ Луис Гаравитог шоронд орсноосоо хойш эрс өөрчлөгдөн өөр хүн болсон бөгөөд туйлын тайван хийгээд бусадтай хүндэтгэлтэй харьцдаг нэгэн гэх. Одоо тэрээр улс төрийн шинжлэх ухааныг бие даан сурахын зэрэгцээ суллагдсан даруйдаа нийгмийн идэвхтэн болж хулгайлагдсан хүүхдүүдэд сайн дураараа тусална хэмээн шийдсэн гэнэ.

Хүүхдийн хулгайн хэрэг бол үнэн хэрэгтээ Гаравитогийн мэргэжил бөгөөд өөрийн гараар 300 орчим хүүхэд хулгайлсан нь уг төрлөөр хэн ч түүнийг гүйцэхгүй гэдгийн хамгийн том илэрхийлэл юм. Бусдад хүндэтгэлтэй ханддаг, туйлын тайван зантай Гаравито гэх эр шоронд орохоосоо өмнө бол жинхэнэ утгаараа араатан байлаа. Тэрээр 1992-1999 оны хооронд нийт 6-16 насны нийт 400 гаруй хөвгүүдийг хулгайлж, хүчиндэж, барьцаалж, амь насыг нь хөнөөсөн байдаг. Гэвч шүүх хурал дээр албан ёсоор 138 хүүхдийн амийг хөнөөсөн нь тогтоогдсон байна. Энэ бүхнийг үл харгалзан цагдаагийн байгууллага түүнийг 400 гаруй хүүхдийг хохироосон хэмээн үздэг аж.

Уг эр улсынхаа нийгэм, цаг үеийн эмзэг байдал дээр тулгуурлан гэмт хэргээ үйлддэг байжээ. Учир нь 1960 оноос эхэлсэн иргэний дайн 1992 онд л намжих тийшээ хандсан бөгөөд олон жил үргэлжилсэн иргэний дайны үр дүнд ард иргэд гэр оронгүй болж олон эрчүүд болон эмэгтэйчүүд амиа алдаж тэдний хүүхдүүд өнчирч хоцорсон байна. Тэгвэл аймшигт араатан эдгээр хараа хяналтгүй өнчин хүүхдүүдийг өөрийн гол бай болгодог байв. Энэ бүх нөхцөл байдал бол давуу тал гэж ойлгосон тэрээр уг аймшигт үйлдлээ 7 жилийн турш үйлдсэн юм. Тэрээр гудамжинд гуйлга гуйж байгаа гэр оронгүй хүүхдүүд дээр очин тэднийг олон хүмүүсийн хөлөөс холдуулахын тулд чихэр эсвэл бусад төрлийн амттанаар хуурдаг байжээ. Харин арай том болсон хөвгүүдийг мөнгө эсвэл ажил санал болгон авч явдаг байв.

Луис Гаравито залуу үеийн зураг

Тэрээр гэмт хэргээ үйлдэхдээ санваартан эсвэл ажил хэрэгч хослол, фермер зэрэг янз бүрийн дүрд хувирах бөгөөд өөрт нь туслах хүн хайж байгаа мэт жүжиглэдэг байлаа. Мөн цаг үргэлж харагдах байдлаа өөрчилж зүсээ хувиргадаг байсан байна. Нэг хувирсан дүрдээ нэг сард нэгээс илүү хувирахыг хатуу хориглох дүрэм баримталдаг байв. Гаравито нэгэнт хүүхдийг ятгаж чадсан бол тэд хамтдаа түүний аймшигт яраглалаа үйлддэг газар уруу алхах хүртлээ өөрийнхөө амьдралын түүх зэрэг худал зүйлсийг зохион ярьж илүү итгэлийг нь олж авдаг байлаа.

Үнэн хэрэгтээ бол араатан гэх нэрийг цагдаагийн албан хаагчид түүнд өгсөн юм. Учир нь хөвгүүдийн цогцос ямар байдалтай олддог байснаас энэ бүхэн үүдэлтэй юм. Нас барсан хөвгүүдийг аймшигтайгаар эрүүдэн шүүж, тамлан зовоосон шинж тэмдгүүд бүх биенээс нь илрэх бөгөөд тэдний бие цогцсыг аймшигтайгаар хазаж мөн шулуун гэдэснээс нь үрийн шингэн илэрдэг байжээ. Мөн зарим тохиолдолд цогцоснуудын аманд ч Гаравитогийн үр шингэн байдаг байв. Энэ бүхнийг нь харсан цагдаагийн албан хаагчид түүнийг чухам ямар хүн байгаа бол хэмээн бодож барих өдрөө тэсэн ядан хүлээдэг байсан нь гарцаагүй.

Тэрээр хамгийн анхны хүүхдээ хүн хулгайлснаас хойш 5 жилийн дараа буюу 1997 онд хөнөөсөн байдаг. Цагдаагийн байгууллага 1997 онд асар олон тооны залуу хөвгүүдийн цогцоснуудаар дүүрсэн хөндийг олж илрүүлжээ. Үүний дараа 1998 оны 2-р сард толгодын доороос 2 нүцгэн хүүхдийн цогцос олсон бол хэдхэн метр газрын зайд дахин нэг хүүхдийн цогцос олджээ. Тэднийг цөм гар болон хөлийг нь хүлсэн байв. Цагдаагийн байгууллага удаан хугацаанд тун чанартай мөрдөн шалгаж ажиллагаа хийсний үр дүнд нэгэн байшинг сэжиглэсэн нь Гаравитогийн найз бүсгүйн гэр байлаа. Тэд болзож эхлээд 1 жилийн хугацаа өнгөрч байсан бөгөөд тухайн үед Гаравито гэртээ байгаагүй тул найз бүсгүй нь цагдаагийн албан хаагчдыг гэртээ нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Цагдаагийн албан хаагчид гэрт нь нэгжлэг хийж байх үедээ Гаравитогийн цүнхийг олсон бөгөөд цүнхнээс нь олон тооны залуу хөвгүүдийн зураг, тэднийг хэрхэн тамлан зовоож алсан тухай бүх аллагын тэмдэглэлүүд нь байжээ. Бүх зүйл нэгэнт ойлгомжтой болсон тул Гаравитог улс даяар эрэн сурвалжилж эхэлсэн боловч тэрээр огт олдохгүй л байлаа.

Гэвч 1999 оны 4-р сарын 22-ны өдөр нэгэн санаандгүй зүйл болсон нь гэр оронгүй нэгэн эр гудамжинд сууж байтал хөгшин настай эр танихгүй хүүг чихрээр хууран авч явж байгааг харжээ. Уг үйлдлийг харсан даруйдаа орон гэргүй хүн цагдаагийн байгууллагад хандсан тул цагдаагийнхан түүнийг хүүг хүчиндэж байхад нь үйлдэл дээр нь барьжээ. Гаравито дараачийн золиосоо хайж олохоор хичээж байсан тул энэ бүх хугацаанд цагдаагийнханд олдохгүй байсан байна. Эхэндээ түүнийг ижил хүйстэн, хүчингийн хэрэг хийсэн нэгэн хэмээн баривчилсан цагдаа бодож байсан ч тун удалгүй улс даяар эрэн сурвалжилж байгаа аймшигт араатан мөн болохыг нь мэджээ. Түүнийг нэг ёсондоо санамсаргүй байдлаар баривчилсан гэж хэлж болно. Тэрээр цагдаагийн албан хаагчдад 147 хүүхдүүдийг хөнөөсөн бөгөөд тэднийг хаана булсан бүх газруудаа газрын зурагт зааж өгчээ. Гэвч цагдаагийн байгууллага 138 хүүхдийн цогцсыг л олсон байна. Колумб улсын хуулиар хүн амины хэрэг хийсэн бол 13 жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж. Гэвч тэрээр 138 хүн хөнөөсөн тул 1853 жилийн хорих ялаар шийтгүүлэх болжээ. Харин шүүх түүнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн тул 60 жилийн хорих ял өгсөн байна. Сонирхолтой нь гэмт хэргийг илрүүлэхэд сайн дураараа тусалсан болон маш сайтар хүмүүжиж байгаа зэрэг шалтгаануудаар үндэслэн түүнийг 2021 онд суллахаар болжээ. Гагцхүү уг эр хүмүүжсэн эсвэл хүмүүжээгүйг зөвхөн цаг хугацаа л харуулах үлдсэн байна.

эх сурвалж: tuuh.mn