"Centеrra Gold" Монгол дахь бизнесээ худалдсан талаар олон улсын хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Тус компани нь Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухайгаа мэдэгдсэн.

Манай ханшаар 90 орчим тэрбум төгрөгөөр зарагдсан энэ бизнесийг Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид худалдсанаа "Centarra Gold"  мэдэгдээд байгаа юм. 

OZD ASIA PTE-ийн гүйцэтгэх захирлаар Эрдэнэбаатарын Дөлгөөн гэж Монгол залуу ажиллаж байгаа гэсэн мэдээлэл яваад байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

Харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараагаар Улаанбаатар хотын банканд нэг хэсэг ажиллаж байсан гэсэн албан бус мэдээлэл ч байна. 

Цахим орчинд энэ талаар олон янзын хардлага тээсэн яриа гарч байгаа бөгөөд Ноён Уулаа аврах хөдөлгөөн нь үнэн хэрэгтээ "Centеrra Gold"-г тоглоомоос гарган Сингапур компанийг оруулж ирэх явдал байсан гэх дам жиргээ ч энэ тэрүүгээр нисч байна. 

Сингапур компанийн захиралаар тодроод буй Э.Дөлгөөн нь Блүүмбэрг телевизийн Монгол дахь салбарын захирал Э.Долгионы төрсөн дүү бөгөөд хэвлэлийн салбарт тэр дундаа UB Post сонинд ажиллаж байсан туршлагатай аж.

Э.Дөлгөөнийг энэ оны наймдугаар сарын 29-нд уг албан тушаалд томилсон хэмээн компанийн мэдээлэлд дурджээ. 

Энэ нь баттай бус мэдээлэл болохыг онцлоё.