Дээрхи зурагт 11-р сарын сүүлчээс 3-р сарын эхэн хүртлэх манай хотын ердийн дүр төрх харагдаж байна. Хотын нутаг дэвсгэрийн хамгийн нам дор цэгээс ойролцоогоор 400- 600 м-ийн өндөрт агаарын бохирдлын гамшигт судал бүрхсэн харагдана.

Түүний дээгүүр хүрээлэн буй уулсын орой цэвэр тунгалаг үзэгдэж байна. 3-р сард төв азийн өндөрлөгийг хамран явагддаг улиралын чанартай “муссон”салхи энэ гамшигт давхаргыг ор мөргүй үлдэн хөөдөг.

Салхины энэ ид шидэт эерэг үйлчлэлийн тухай “Агаарын бохирдол ба салхи”сэдвээр би бяцхан нийтлэл бичиж байсан. Дэлхийн тэнхлэгээ эргэх эргэлтийн эсрэг чиглэлд (Баруун хойноос зүүн урд чиглэлд) уулсын орой дээгүүр алгуур зөөлөн урсгалтай “королиус” салхи явагдаж байдаг. Энэ салхи нь агаарын бохирдолт давхрагыг  зураг дээр илхэнээ харагдаж буй цэлмэг бүсийг давуулан хаях хүчээр үйлчлэж чаддаггүй  байна.

Агаарын бохирдлын давхаргыг зонхилох чиглэлийн королиус салхины үйлчлэх хүрээнд хүргэхийн тулд Хоолтын давааны орчимд салхины өгсөх урсгалыг бий болгох хэрэгтэй болно. Ийм салхийг нарны гэрлийн цацрагийн радиацыг ашиглан дулааны голомт үүсгэх станц байгуулах замаар шийдвэрлэж болох юм.

Энэ голомтод үүссэн  салхи нь салхины тархалтын шатлалын дагуу (градиентын дагуу) “хөврөгдөх урсгалаар” тасралтгүй татагдаж байх зарчимд үндэслэгдэнэ.

Ийм станцын дэлгэцүүдийг гүн хар өнгийн “selective coating" хийцтэй нийлэг мяндсан даавуугаар хийж болох юм. Ийм дэлгэц нь дулаан үйлдвэрлэлийн  ашигт үйлийн итгэлцүүр хамгийн өндөртэй байна. Станц шөнөд хуримтлагдсан агаарын бохирдлыг өдөрт нь зайлуулах зарчмаар өглөөний 10 цагаас оройн 16 цаг хүртэл 6 цаг ажиллах юм. Дүн өвлийн эсрэг циклон ноёрхож буй үед агаарт байх чийгшлийн хэмжээ бага байх ба үүлгүй цэлмэг байдаг тул нарны гэрлийн радиацын альбедогийн шингээлтийн хэмжээ ид зуны үеийнхээс ч дутахааргүй байдаг. Энэ мөрөөдлийн санаа төсөл болон хэрэгжих үндэслэлтэй эсэхэд саналаа нэмэрлэнэ үү.

 Л.Лхагва

sonin.mn